Ж.Амарцэцэг: Үнэ цэнтэй зүйл бүтээхийн тулд гидропоник тариалалтыг эхлүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-17 14:39:30

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Иргэн Ж.Амарцэцэг эрүүл хүнс, ногоон орчныг бүтээх эрхэм зорилгоор 2018 онд “ЭХНО ӨВ” ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар 2024 оноос эхлэн гидропоник хэмээх хөрсгүй, дэвшилтэт технологи бүхий тариалалтыг эхлүүлсэн байна.

 

Хөрсөнд биш эрдэст усанд ургуулдаг, жилийн дөрвөн улиралд өдөр бүр шинэ, эрүүл, шим тэжээлтэй хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглэх боломж олгодгоороо гидропоник тариалалт ач холбогдолтой.



Гэвч орчин бүрдүүлэх, тоног төхөөрөмжөө суурилуулах, зөв аргачлалаар тарих гэхчлэн олон зүйлд суралцах, хийх шаардлагатай болдог. “Үүнийг зоригтойгоор эхлүүлэхийн тулд цалингийн зээл авч, машинаа зарж, бүх хөрөнгө оруулалтыг хувиасаа зохицуулсан. Арилжааны банкууд сүүлийн 6 сарын дансны орлого өндөр, барьцаа хөрөнгөтэй байх зэрэг шаардлага тавьдаг учраас зээл авч чадаагүй. Төрөөс дэмжлэг хүсэх гэтэл Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг зөвхөн хоршоо эрхлэгчдэд өгдөг учраас хамрагдах боломж байгаагүй” хэмээн тэрбээр ярилаа.

 

Цаашлаад “Манай улс ихэнх нарийн ногоогоо Хятадаас оруулж ирдэг. Олон шат дамжлагаар Монголд орж ирээд дахиад олон гар дамжиж хэрэглэгчдэд хүрдэг учраас эрүүл хүнс хэрэглэж байгаадаа эргэлздэг байсан. Тийм болохоор эрүүл, аюулгүй нарийн ногоо тарьж, өөрийн гэр бүлдээ органик хоол хүнс хэрэглэх, цаашлаад аймгийнхаа хэрэглэгчдэд нийлүүлэх байдлаар улс, эх орныхоо хөгжилд багахан ч болов, хувь нэмэр оруулъя. Үнэ цэнтэй зүйл бүтээе гэж зорьсон” гэж байв.

Ингээд гэр бүлийн бизнес болгож, хүлэмжийн аж ахуйгаа өргөжүүлэн 8х12 харьцаатай, 96 м.кв талбай бүхий үйлдвэрийн байр барьж, тус бүр 900 навч ургах боломжтой зургаан төхөөрөмжийг суурилуулан гидропоник системийн тариалалтыг эхлүүлжээ. Одоогоор бичил ногоо, салатны навч, юуцай гэсэн гурван төрлөөр ургуулж, өдөрт 5-7 кг ургац хураан Номин, Сансар болон аймгийн томоохон худалдааны төвүүдэд нийлүүлж, хэрэглэгчдэдээ хүргэж байна. Цаашид аймаг, сумдыг хангах хэмжээнд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилготой гэж байлаа.


Гидропоник тариалалт нь усны 90 хувийн хэмнэлттэй, ургамлын өвчин, шавж хорхой, тоос шороо байдаггүй, хиийн бордоо хэрэглэхгүй, тэжээллэг чанартай, сөрөг тал нь эрчим хүчний өндөр хэрэглээтэй ажээ.



 






Холбоотой мэдээ