Оросын бодлогыг дэмжинэ гэдгээ Ким Жөн Ун илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-18 11:05:21

СӨҮЛ, 2025 оны зургаадугаар сарын 18 /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгутай уулзах үеэрээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чиглэсэн Оросын бодлогыг дэмжиж байгаагаа нотоллоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) мэдээлжээ.


"Хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсны нэг жилийн ойн өмнө Ким Жөн Ун Пёньян хотноо зургаадугаар сарын 17-нд Сергей Шойгуг хүлээн авч уулзлаа. Уулзалт эхнээсээ дуустал найрсаг бөгөөд итгэлцэлд суурилсан халуун дулаан уур амьсгалд болж өнгөрлөө" гэж KCNA мэдээлсэн байна. С.Шойгу Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний аман илгээлтийг дамжуулжээ. Ким Жөн Ун хариуд нь "нөхөрсөг мэндчилгээ" дамжуулахыг хүссэн байна. 


“ОХУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын шударга ёсыг империалист жанжлагчдын явуулгаас хамгаалах бодлогыг БНАСАУ-ын засгийн газар тууштай, шийдэмгий дэмжиж байгааг нөхөр Ким Жөн Ун дахин нотоллоо. Мөн Солонгос-Оросын хооронд байгуулсан гэрээний заалтуудыг чин шударгаар хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн” хэмээн тус агентлаг мэдээлжээ.


Талууд “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний ач холбогдлыг үнэлж”, төрийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон хамтын ажиллагааны "ирээдүйтэй төлөвлөгөө"-г хэлэлцсэн байна. Ким Жөн Ун, С.Шойгу нар мөн Курск мужид Солонгосын ардын армийн дайчдын гавьяаг мөнхжүүлэх асуудлыг хөнджээ. KCNA-гийн мэдээлснээр, “Нөхөр Ким Жөн Ун цэргийн тусгай ажиллагаа явуулж буй бүс нутаг болон Курск муж дахь өнөөгийн нөхцөл байдлыг нарийвчлан тодорхойлсны үндсэн дээр хоёр улсын хооронд байгуулсан гэрээний хүрээн дэх хамтын ажиллагааны асуудлуудыг тодорхойлсон" байна. 




Холбоотой мэдээ