Гоминдан намын хууль тогтоогчдыг эргүүлэн татах санал хураалт явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-23 12:49:38

ТАЙБЭЙ, 2025 оны зургаадугаар сарын 23 /NHK/. Тайванийн сөрөг хүчний Гоминдан намын 24 хууль тогтоогчийг эргүүлэн татахтай холбоотой санал хураалтыг ирэх сард явуулахаар товложээ. 


Одоогийн байдлаар Гоминдан нам парламентад 52 суудалтай байна. Тус нам сөрөг хүчний өөр нэг намын хамтаар 113 гишүүнтэй хууль тогтоох байгууллагад /Юань/ олонхын суудлыг эзэлдэг. Харин Тайванийн тэргүүн Лай Чиндэгийн тэргүүлдэг эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам (АДН) 51 суудалтай байгаа юм.


Гоминданыг шүүмжилдэг иргэний бүлэг тус намын хууль тогтоогчдыг эргүүлэн татах асуудлаар санал хураалт явуулахыг шаардан гарын үсэг цуглуулах кампанит ажлыг эхлүүлжээ. Сонгуулийн төв хорооноос мэдэгдэхдээ, тус бүлэг хангалттай тооны сонгогчдын гарын үсгийг цуглуулсны дараа санал хураалтыг ирэх 7 дугаар сарын 26-нд явуулна гэлээ.


Тайваньд хууль тогтоогчдыг эргүүлэн татах асуудлаар санал хураалт явуулах нь ховор байдаг. 


Санал хураалтыг 24 хууль тогтоогчийн төлөөлдөг сонгуулийн тойргуудад явуулна. Тэднийг эгүүлэн татахыг дэмжсэн саналын тоо эсрэг саналын тооноос давсан, мөн тухайн тойргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын дөрөвний нэгээс доошгүй хувь нь эргүүлэн татах санал өгсөн тохиолдолд тэд суудлаа алдана.


Хэрэв Гоминдан намын гишүүд эргүүлэн татах санал хураалтаар суудлаа алдсан тохиолдолд нөхөн сонгуулиар эрх баригч АДН хамгийн цөөндөө зургаан суудал авбал олонх болж чадна.



Холбоотой мэдээ