ХӨВСГӨЛ: Цусны салбар төвийг М.Батсайхан эмчийн нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-23 17:56:39

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 23 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвийг өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, клиникийн профессор М.Батсайхан агсны нэрэмжит болголоо.


М.Батсайхан эмч нь аймгийн эрүүл мэндийн салбарт болон цусны төвд олон жил үр бүтээлтэй ажилласан, салбартаа нэр хүндтэй эрхэм байсныг дурсан, түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсгалын хөшөөг босголоо.




Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан”, клиникийн профессор Д.Улаанхүү мөн М.Батсайхан агсны гэр бүлийнхэн, ах дүү, төрөл төрөгсөд оролцож, эмчийн гэгээн дурсгалд хүндэтгэл илэрхийллээ.


Энэ үеэр Засаг дарга Л.Төмөрбаатар хэлсэн үгэндээ, “Эрүүл мэндийн салбар, тэр дундаа цусны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан М.Батсайхан агсны үйл хэргийг залгамжлан, түүний нэрэмжит Цусны салбар төвийн үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй хөгжүүлэн ажиллах шаардлагатай” гэдгийг онцолж, үе үеийн донорууд болон шинээр донорын эгнээнд нэгдэж буй иргэдэд талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүллээ.


Цусны салбар төв жил бүр донорын өдрийг тохиолдуулан цусаа хандивлахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, донорын эгнээг нэмэгдүүлэх зорилготой нөлөөллийн ажлууд өрнүүлж ирсэн уламжлалтай.


Үүний үр дүнд жилд 700 орчим донороос цус авч, 1000 гаруй нэгж цус үйлдвэрлэн, 2 хүрэл донор, 60 хүндэт донортой болжээ.



Тус аймаг 2018 онд жишиг цусны салбар төвтэй болсноор хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн иргэд аюулгүй эмчилгээ, үр дүнтэй цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хүрэлцээтэй, хэмжээтэйгээр бэлтгэж нөөцлөх боломж бүрдсэн байна.


Цусны салбар төв жилд 8 төрлийн 1500 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж, Хөвсгөл аймгийн 23 сум 1 тосгоны Эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 7 эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн 18 тасаг нэгжийг стандартын шаардлага хангасан цус цусан бүтээгдэхүүнээр хангаж байна.

 

 

Холбоотой мэдээ