Клубүүдийн ДАШТ: "Бенфика" шөвгийн 16-д шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-25 07:46:55

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 25 /ТАСС/. Клубүүдийн ДАШТ-ий хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтод Португалын “Бенфика” баг Германы “Бавариа”-г 1:0 харьцаагаар хожсоноор тус тэмцээний плей-оффын шатанд шалгарлаа.


АНУ-ын Хойд Каролина муж улсын Шарлотт хотод болсон тоглолтын 13 дахь минутанд Португалын багийн Андреас Шельдеруп цорын ганц гоолыг оруулжээ.


Ийнхүү “Бенфика” баг хэсгийн шатанд 7 оноо авснаар С хэсгийг  тэргүүлсэн бол “Бавариа” 6 оноотойгоор хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Тус хэсэгт багтсан Аргентины “Бока Хуниорс”, Шинэ Зеландын “Окленд Сити” багуудын тоглолтыг цаг агаарын байдлаас шалтгаалан хоёрдугаар үед 1:1 харьцаатай байх үед зогсоожээ. Хоёр тоглолтын дараах байдлаар аргентинчууд 1 оноотой, шинэ зеландчууд оноо аваагүй байна.


Одоо шөвгийн 16-д “Бенфика” баг D хэсгээс хоёроор гарсан багтай тоглох бөгөөд Английн “Челси”, Тунисын “Эсперанс” багуудын аль нэг нь байх юм.  Хэсгийн шатны сүүлчийн тоглолтод энэ хоёр баг хоорондоо тоглох бөгөөд “Челси”-гийн хувьд хожсон эсвэл тэнцсэн тохиолдолд плей-оффт шалгарах боломжтой.


Шөвгийн 16-д шалгарсан  “Бавариа” баг одоо D хэсгээс нэгээр гарсан Бразилын “Фламенго” багтай тоглоно. 

Холбоотой мэдээ