Архангай “Сүүний аян” эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-08 17:40:53

Архангай аймгийн Нутгийн захиргааны ордны хурлын их танхимд Засаг дарга Ц.Мөнхнасан 11 дүгээр сарын тавны бямба гаригт аймгийнхаа ХАА-н салбарын удирдах ажилтан мэргэжилтнүүдийн мэдээлэл,  шинэ санаа, тулгамдсан асуудлуудыг сонслоо.

Жаргалант сумын мал эмнэлэг, үржлийн төв /МЭҮТ/-ийн дарга Алимаа 2016 онд 28350 кг мах, 5600 кг ноолуурын баталгаажуулалт хийснээс гадна бүх малыг хонин толгойд шилжүүлэн хоногт нэг богд 1 кг өвс өгөхөөр тооцоход, 30 хоногийн нөөц өвс бэлтгэснээ тайлагналаа. Жаргалант сум 4500 тн хадлан, 70 тн гар тэжээл бэлтгэх зорилт тавьж, 4900 тн өвс, 74 тн гар тэжээл базааснаас гадна 6 байгууллага 9 тонн навч түүж нөөцөлжээ. Нэгдсэн мэдээллийн санд 6380 бод, бог бүртгэгджээ.

Төвшрүүлэх сумынхан ирэх хаврын тариалалтыг цаг тухайд нь хийх талаар зөвлөлдөж, Өвөрхангай аймгийн Хархорин хотоос үр авахаар гэрээ хийж, төлбөрийн 50 хувийг урьдчилан төлсөн талаар ЗДТГ-ын мэргэжилтэн Ш.Одгэрэл мэдээллээ. Ихтамир сумын МЭҮТ-ийн дарга Ё.Эрдэнэбат тус суманд 6000 хавтгай дөрвөлжин метр талбайга ариутгаж, 40 га бэлчээрийг хашиж хамгаалснаа хэллээ. Энэ намар Ихтамир сум 120 тн төмс, 50тн хүнсний ногоо, 200 тн үр тариаг хураажээ.

Булган, Цахир сумын ХАА-н мэргэжилтнүүд ХАА-н мэргэжилтнүүдийг давтан сургах, тогтвор суурьшилтай ажиллуулахад бодлогоор дэмжиж, малын халдварт өвчинтэй тэмцэхэд хөдөлмөр хамгааллын хувцас олгох, шаардлагата багаж төхөөрөмжөөр хангах, махны шинжилгээ оношлогооны хэрэгсэлтэй болгоход туслах санал гаргав. Сумдын ИТХ-ын төлөөлөгчид арьс ширний урамшлаас орон нутагт төвлөрсөн 10 хувийн мөнгийг өөрсдийн урамшилд авчихдагийг ч шүүмжлэв.

Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс сумын МЭҮТ-ийн орон тоог малын эмч, мал зүйч, газар тариалан үйлдвэрлэлийн мэргэжилтэн гэсэн гурван орон тоотой байгааг хэвээр үлдээхийг санал болгов. Одоо зарим суманд МЭҮТ-ийн нэг орон тоог хасч, санхүүгийн тасагт шилжүүлэн ня-бо авч ажиллуулж байгааг буруу шийдэл гэж шүүмжлэв.

ХАА-н тэр тусмаа, МАА-н салбарт нэн шаардлагатай мэргэжлийн мэргэжилтнүүдийг сонгож ажиллуулах нь чухал гэдгийг, мөн генетик нөөцийн тухай хууль даруй хэрэгтэй байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.

Архангай бол ХАА, тэр дотроо МАА дээр суурилж оршдог аймаг. Ирэх жилүүдэд “Сүүний аян”-ыг шинээр эхлүүлэхээс гадна “Атрын аян-3”, “Монгол мал”-хөтөлбөрийг үргэлжүүлж, ХАА-ын салбарын тогтвортой хөгжлийг хангаж ажиллана”-гэдгээ аймгийн Засаг дарга онцлов.

Албан эх сурвалжаас үзэхэд, Архангай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 72,3 орчим хувийг, ХАА-н салбар бүрдүүлж, ажиллах хүчний 65,7 орчим хувь энэхүү салбарт хөдөлмөрлөж  байна.

Л.Булган

Холбоотой мэдээ