Хэвлэлийн магнат Мердокийг Трамп шүүхэд өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 19 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн магнат Руперт Мердокийг нэр төрд халдсан гэж буруутган шүүхэд өгсөн тухай Флоридагийн Өмнөд дүүргийн шүүхийн цахим бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэлд дурджээ.
Руперт Мердок болон түүний үүсгэн байгуулсан “News Corporation” хэвлэлийн корпорацыг (The Wall Street Journal, WSJ) сониныг эзэмшдэг) хариуцагчаар татсан энэхүү хэргийн бүртгэлийн мэдээлэл долоодугаар сарын 18-ны өдрөөр тэмдэглэгдсэн байна. Мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан Америкийн санхүүч Жеффри Эпштейнд илгээсэн Трампын захидлын талаар нийтлэл бичсэн "WSJ" сонины хоёр сэтгүүлчийг шүүхэд өгчээ.
"WSJ" сонинд өмнө нь Эпштейний 50 насны ойд зориулан бүтээсэн гэрэл зургийн цомогт гараар зурсан нүцгэн эмэгтэйн зураг бүхий Трамп санхүүчид илгээсэн мэндчилгээний захидал байсан гэж бичжээ. Уг нийтлэлд тайлбар хийхдээ Трамп зургийн талаарх мэдээлэл худал гэдгийг хэвлэлд урьдчилан мэдэгдсэн гэдгээ онцлоод тус сонин болон Мердокийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна.
Жеффри Эпштейнийг Нью-Йорк муж улсын хууль сахиулах байгууллагууд 2019 оны 7 дугаар сарын 6-нд баривчилжээ. Америкийн санхүүч 2002-2005 оны хооронд Манхэттэн дүүрэг дэх гэртээ насанд хүрээгүй олон арван охидыг авчруулж, бэлгийн мөлжлөг зохион байгуулсныг нотлох баримт байгаа гэж Прокурорын газраас мэдэгдэж байв. Эпштейний найз нөхөд танилын хүрээлэлд АНУ-ын төдийгүй бусад олон орны улс төр, бизнес, урлаг соёлын нэр нөлөө бүхий хүмүүс багтдаг байжээ. Тэрбээр шоронд хоригдож байхдаа 2019 оны 8 дугаар сарын 10-нд амиа хорлосны дараа хэргийг хаасан байна.