Нуранги цэвэрлэгч аварга том робот үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-21 12:47:12

ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 21. /ТАСС/. Байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, эрэн хайх-аврах ажиллагаанд ашиглах зориулалттай аварга том хүн дүрст роботыг зохион бүтээхийн тулд Японы нэгэн томоохон их сургуулийн эрдэмтэд бусад хэд хэдэн компанитай хамтран ажиллахаар төлөвлөж байна.     


Тодруулбал, Японы Васэда их сургууль тус улсын Murata, Tmsuk, Sre Holdings гэсэн гурван компанитай хамтран 3 м өндөр, 300 кг жинтэй хүн дүрст роботыг хамтран зохион бүтээж, үйлдвэрлэх гэж байгаа ажээ. Цагт 5 км-ийн хурдтай хөдөлж, 100 кг гаруй хүнд ачааг өргөх чадалтай роботуудыг газар хөдлөлт, байгалийн бусад гамшгийн дараа байшин барилгын нурангийг цэвэрлэхэд ашиглана.


Роботын туршилтын загвар 2026 оны сүүлчээр бэлэн болж, 2029 оноос бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэх ажээ. Ийнхүү өмнө нь хүн дүрст Asimo роботыг үйлдвэрлэснээр тус салбарт тэргүүлж байсан байр сууриа эргүүлэн авчрахыг Японы мэргэжилтнүүд эрмэлзэж байна.     

Холбоотой мэдээ