ЗАВХАН: Байгаль хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд байгаль хамгаалагчид чухал үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-31 12:42:17

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 суманд 50 гаруй байгаль хамгаалагч биологийн олон төрөл зүйлийг судлах, байгаль орчноо хамгаалах ажлыг хийж байна.


Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг байгаль хамгааллын ажлаа гүйцэтгэж яваад амиа алдсан, гэмтэж бэртсэн байгаль хамгаалагчдаа дурсах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалттай.


Энэ жил дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг “Rangers, Powering Transformative Conservation” буюу "Байгаль хамгаалагчид-Байгаль хамгааллын чанарыг шинэ түвшинд гаргана" гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.


Завхан аймгийн Байгаль орчны газраас 24 суманд 42 байгаль хамгаалагч ажилладаг. Байгаль хамгаалагчдын хамгийн залуу нь Тосонцэнгэл сумын байгаль хамгаалагч Нармандахын Пүрэвсүрэн юм. Тэрбээр энэ жил 27 настай, гурав дахь жилдээ байгаль хамгаалах ажлыг хийж буй юм. Завхан аймгийн 24 сумын байгаль хамгаалагчдаас гадна улсын тусгай хамгаалалттай газар нутгууд болох нэр бүхий 6 суманд 16 байгаль хамгаалагч ажиллаж байна.


Эдгээр байгаль хамгаалагчид хариуцсан нутаг дэвсгэртээ гал түймэр, хууль бус мод бэлтгэл, хууль бус агнуур зэрэг байгаль орчинд учирч болзошгүй аливаа аюулаас сэргийлэх, эргүүл хяналт хийх. Хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтны мониторинг судалгаа хийх, орон нутгийн ард иргэдтэй хамтран ажиллах үүргээ амжилттай гүйцэтгэж байна.


Байгаль хамгааллалын үйл хэрэгт хамгийн тэргүүн эгнээнд ажилладаг эдгээр хүмүүсгүйгээр байгаль хамгааллын үйл хэргийг хөтлөн явуулах боломжгүй юм. Тусгай хамгаалалттай газар нутгуудад үр дүнтэй менежментийг хэрэгжүүлэхэд байгаль хамгаалагчид хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Байгаль хамгаалагч нь зэрлэг амьтан ургамлын популяцид учирч буй аюул дарамтыг бууруулах, мониторинг судалгаа хийх, зэрлэг амьтан-хүн хоорондын зөрчлийг арилгах арга хэмжээ авах, аялал жуулчлалын менежментэд оролцох. Байгаль хамгаалалд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн байгаль хамгааллын боловсролыг сайжруулахад ч дэмжлэг үзүүлж байдаг чухал хүмүүс.


Тиймээс байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл боломжийг нь сайжруулах, мэргэжлийн өндөр ур чадварыг нэмэх зэргээр олон талын ажлыг байгаль хамгааллын байгууллагууд бодлогоор дэмжин ажиллаж байна. Тухайлбал байгаль хамгаалагчдын хээрийн ажлын иж бүрэн хэрэглэлүүд, өөрийгөө хамгаалах цахилгаан бороохой, дуран, өвөл, хавар, зуны иж бүрэн хувцасаар хангах ажлыг байгууллагын төсөв, төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр хийсэн тухай Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.  


Ташрамд Завхан аймагт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа долоон газар үйл ажиллагаа явуулдаг. Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар, Хомын талын байгалийн цогцолборт газар, Хяргас-Завхан гол болон Идэр голын сав газрын захиргаа, Завхан аймгийн Байгаль орчны газар, Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газарт 100 гаруй албан хаагч ажиллаж байна. Эдгээр байгууллага хамтран байгаль орчныг хамгаалж экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр он гарсаар 5200 гаруй хүнд нөлөөллийн ажлыг хийжээ.


Завхан аймгийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид


Байгаль хамгаалагчид үргэлж суралцдаг

Холбоотой мэдээ