Путин, Трамп нарын уулзалт цэргийн баазад болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-13 07:36:34

МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 13 /РИА Новости/ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт Аляск муж улсын Анкориж хотын хойд хэсэгт орших "Эльмендорф-Ричардсон" цэргийн баазад болно. Энэ тухай телевизийн CNN суваг Цагаан ордон дахь хоёр эх сурвалжийн ярьснаас эш татан мэдээллээ.


Оросын удирдагчийг Америкийн цэргийн баазад хүлээн авахаас өөр хувилбар бий гэж Цагаан ордон үзэж байсан боловч зөвхөн “Эльмендорф-Ричардсон” цэргийн нэгдсэн бааз л түүхэн уулзалтыг зохион байгуулах шаардлагуудыг хангаж байна гэж телевизийн мэдээнд дурджээ. Уулзалтыг явуулах өөр газрыг сонгох боломж хязгаарлагдмал байгаа нь одоо Аляскт жуулчны улирал ид дундаа үргэлжилж байгаатай холбоотой.

Орос, Америкийн удирдагчдын уулзалт 15-ны өдөр Аляскт болно гэдгийг Кремль ба Цагаан ордны төлөөлөгчид бямба гарагт шилжих шөнө мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгч В.Путиний туслах Ю.Ушаковын ярьснаар, Путин, Трамп нар Украины хямралыг энхийн замаар урт хугацаанд зохицуулах хувилбаруудыг хэлэлцэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх ажээ.


Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт болно гэдгийг зарласны дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский нутаг дэвсгэрийн асуудлаар буулт хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ