З. Энхтөр: Ерөнхий сайдын батламжилсан засаг дарга хэвээр байгаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн засаг дарга З. Энхтөрөөс мэдээлэл авлаа.
Тэрээр “Монгол Улс бол хууль дүрэмтэй, төр засагтай улс. Дээд шатны засаг дарга нь доод шатныхаа засаг даргыг батламжилдаг. Тэгж байж тэр хүн албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг. 11 дүгээр сарын 2-нд хийсэн АН-ын хурлаас ИТХын даргаар Д.Хосбаяр, засаг даргаар Ж. Батсуурь нарыг өргөн мэдүүллээ гэдэг мэдээллийг Монгол орон даяар маш хүчтэй цацсан. Энэ нь иргэдийн тархийг угаах гэсэн, сумдын ИТХ болж буй энэ үйл явдалд нөлөөлөх гэсэн оролдлого юм шиг, нөгөө талаараа төр засагруу шахалт үзүүлэх гэсэн хэлбэр ч юм шиг байдал харагдаж байгаа юм. Уг нь Монгол Улсын Ерөнхий сайдын 7 дугаар сарын 21-нд батламжилсан аймгийн засаг дарга өнөөдрийг хүртэл ажлаа хийж байна. Миний хувьд төрийн ажлыг гүйцэтгэсэн хэвээр байгаа. Гэтэл хууль бус хуралдаанаас нэр дэвшүүлж, түүнийгээ албан ёсоор томилогдсон юм шиг хүмүүсийг төөрөгдүүлж, талцуулж байгаа нь үнэхээр зохисгүй юм. Ерөнхий сайдын захирамж гараад батламжилсаны дараа бол бид асуудлаа шийдээд явах ёстой. Энэ бол тэдгээр хүмүүсийн эрх мэдлээ алдахаас айн улайрч, хүч түрж буйн илрэл юм. Гэхдээ үүнийг шүүх тогтооно. Манай намын бүлгийн зүгээс 11 дүгээр сарын 2-ны хуралтай холбоотой асуудлаар шүүхэд хандсан байгаа.
Хэрвээ бид одоо хуралдана гэвэл аймгийн ИТХ-ын 2-р хуралдааны талаар ярих ёстой. Үүгээр яригдах асуудал ч маш тодорхой. Төсөв төлөвлөгөө, аймаг орон нутагтай холбоотой зөндөө ажил бий. Энэ хууль бус хурлын худал мэдээллүүд сумдад хүртэл сөргөөр нөлөөлөөд эхэллээ. Тиймээс би дахин хэлье. Монгол Улсын ерөнхий сайдын батламжилсан засаг дарга хэвээр байгаа. Үүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Нөгөө талаар 11 дүгээр сарын 2-ны АН-ынханы зохион байгуулсан хууль бус хуралдааныг хүчингүй гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар өөрийн байр сууриа илэрхийлж, дэд дарга У. Бямбасүрэн өөрийн биеэр хүрэлцэн ирж аймгийн ИТХ-ын ажлын алба болоод АН-ын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл өгсөн байгаа. Гэсэн хэдий ч тэд хцралдаанаа хийж, өнөөдөр аймаг орон нутгийг ийм байдалд хүргэлээ. Гэхдээ шүүхийн шат шатны шийдвэрүүд эцэслэн гарсаны дараа бид бүгдээрээ тойрч суугаад энэ бүх асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.” гэсэн юм.
Т. Одончимэг