Африкийн хөгжлийн асуудлаарх Токиогийн бага хурал эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /NHK/. Африкийн хөгжлийн асуудлаарх олон улсын IX бага хурал Токиогоос холгүй орших Йокогама хотод өчигдөр нээгдлээ.
Гурван өдрийн турш үргэлжлэх Токиогийн
бага хуралд /TICAD/ Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү, Африкийн улсуудын
удирдагчид болон бусад төлөөлөгчид оролцож байна.
Лхагва гарагт болсон нээлтийн
ёслолын өмнө Никкей сониноос зохион байгуулсан чуулга уулзалтад Ерөнхий сайд
оролцлоо. Тэрбээр тэмдэглэн хэлэхдээ, Энэтхэгийн далайгаас Африк хүртэлх
эдийн засгийн бүс нь залуу хүн амтай, асар их эрчим хүчний нөөцтэй, хөгжлийн боломж
чадавх сайтай гэдгээрээ дахин анхаарал татаж эхэлснийг дурдав.
Бүс нутаг хоорондын хэлхээ холбоог
бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар өсөлтийг идэвхжүүлэхэд
тус дөхөм үзүүлнэ гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд, Энэтхэгээс Ойрх Дорнодоор дамжин
Африк тивд хүрэх эдийн засгийн бүс байгуулах санаачилгыг дэвшүүллээ.
TICAD-ын нээлтийн ёслолын дараа Ишиба
оролцогчдод хандан үг хэллээ. Африкийн орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх
хүчин чармайлтын хүрээнд хиймэл оюун ухаан ба бусад салбарт мэргэжилтнүүдийг
бэлтгэхэд туслах төлөвлөгөөг тэрбээр танилцуулсан байна.
Өнөөдөр үдээс хойш бага хуралд
оролцогчид энх тайван, тогтвортой байдлын асуудлыг хэлэлцэх бөгөөд хууль
дээдлэх, хямралыг таслан зогсооход гол анхаарлаа хандуулна.
Бага хурлын сүүлчийн өдөр буюу
баасан гарагт Йокогамагийн тунхаглалыг батална. Японы Ерөнхий сайдын хувьд, 30
гаруй улсын удирдагчидтай уулзаж, хоёр талын хэлэлцээ хийхээр төлөвлөсөн бөгөөд
тэрбээр Кени, Либери болон бусад улсын төлөөлөгчидтэй хэдийнэ уулзажээ.