Г.Энхбаяр: Хөгжлөөрөө дэлхийн жишигт ойртоё гэвэл эрдэмтэн, судлаачидтай хамтрах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-11 16:59:18
oyuka_hu@yahoo.com

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Орхон аймгийн Эрдэмтдийн зөвлөл” энэ сарын 26-нд “Эрдэнэт хүний хөгжил” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор тус зөвлөлийн тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтсийн тэргүүлэх эрчим зүйч, доктор Ph.D Ганбатын Энхбаяртай уулзлаа.

- “Монгол Улс эрдэмтдийнхээ үгийг сонсдоггүй. Сонссон ч хэрэгжүүлдэггүй” гэж нэгэн эрдэмтэн хэлж байсан. Төр захиргааны байгууллага үнэхээр та нарын санал, санаачилга, судалгааг бодлого, шийдвэртээ тусгахгүй байна уу, эсвэл та нар өөрсдийгөө “таниулж” чадахгүй байна уу?

-Эрдэмтдийн бүтээл, судалгааг ашиглах нь хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг мөн. Манай нийгэмд нэг талаас эрдэмтдийн бүтээл эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй, үр дүнгүй байна гэж, нөгөө талаас эрдэмтдийн дуу хоолойг бизнес эрхлэгчид, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, төр засаг сонсохгүй байна гэсэн шүүмжлэл их гардаг. Үүний цаана эрдэмтэн, судлаачид, төр засаг, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, иргэдийн хамтын ажиллагааны зохион байгуулалтын асуудал харагдаж байдаг. Маш сайн шийдэлтэй гүүр хэрэгтэй. Бид хөгжлийг хурдасгаж, зөв замаар дэлхийн жишигт ойртоё гэвэл эрдэмтэн, судлаачидтай хамтарч тэдний санал, санаачилгыг нэвтрүүлж ажиллах ёстой. Эрдэмтэн судлаачид нийгмийн олон салбар, шинжлэх ухааны өндөр хөгжилд хамгийн бага эрсдэлтэйгээр хүрэх бидэнд тохирсон оновчтой аргыг судалдаг. Шинийг эрэлхийлж байдаг. Үүнийг аймгийн Засаг дарга Д.Батлут ойлгож ирэх онуудад хийх ажлын гарааны өмнө Орхон аймагт ажиллаж, амьдарч байгаа эрдэмтэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонссоноор “Орхон аймгийн Эрдэмтдийн зөвлөл” байгуулсан нь цаг үеэ олсон ажил болсон.

-Бид улс төр, бизнесийн ямар ч түвшинд судалгааг үндэслэхгүйгээр шийдвэр гаргаад байна. Мөн эрдэмтэн, судлаачдын хийж буй судалгаа нь нийгмийн хөгжил тэр тусмаа зорилтот бүлэг, сектор луу чиглэсэн нь ховор байх шиг ажиглагдаж байна?

-Таны хэлж байгаа зөв. Жишээ нь би өөрөө инженер хүн. Инженерийн салбарт бүтээл хийж эрдэмтэн болсон. Миний хийсэн эрдмийн ажил, судалгаа шинжлэх ухаанд тодорхой хувь нэмрээ оруулж, техник, технологи, үйлдвэрлэлийн салбарт үр өгөөжөө өгөх боловч нийгмийн өмнө тийм ч өргөн хүрээнд нэвтэрч чадахгүй. Хэрэглэх хүрээ ч хязгаарлагдмал. Үүнтэй адил шинжлэх ухаан өөрөө маш олон салбартай учраас эрдэмтэн бүрийн судалгааны ажил нийгмийг бүхэлд нь хамарч чаддаггүй. Гэхдээ энэ бол тухайн судлаачийн зөвхөн нэг бүтээл байдаг. Эрдэмтэн, судлаачид ганц бүтээл дээр насаараа ажилладаггүй. Ер нь шинжлэх ухааны ажилтан, судлаачдын гол үүрэг бол нийгмийн олон салбарыг хөгжүүлэх, үйлдвэр, аж ахуйн алдагдалгүй ажиллуулах, эрсдэлд оруулахгүй байх, хүнийг зөв боловсон хөгжиж, төлөвшихөд нөлөөлөх судалгаа, технологийг шинээр бий болгоход чиглэгдэж байдаг. Тиймээс л эрдэмтэдтэй төр, бизнесийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн буюу тэдний нэгдэл болсон шинжлэх ухааны байгууллага, төр, бизнесийн байгууллага гурав харилцан түншлэл хэлбэрээр ажиллаж байж шийдвэр гаргах нь оновчтой юм.

-Таны ярьж буй эрдэмтэн, судлаачид болон төр, бизнесийн байгууллага өнөөдөр нэг цэг дээр уулзаж чадаж байна уу?

-Эрдэнэт хотын түүхийн 40 жилийн хугацаанд олон эрдэмтэн, удирдагчид янз бүрийн судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, аймаг орон нутгийг амжилттай удирдаж ирсэн. Хамгийн гол нь бид одоог хүртэл хөгжлийн дээд түвшинд хүрч чадаагүй учир байнга шүүмжлэлд өртсөөр л байх болно. Бидний өнөөдөр хийсэн судалгаа, хэрэгжүүлсэн ажлыг таван жилийн дараа хэн нэгэн нэмж судлах, алдаа мадгийг нь засч тухайн цаг үетэй нь нийцүүлэх л болно. Нийгмийн сэтгэл зүй, өөрчлөлтийг таамаглахад хүндрэлтэй байдаг. Тэр утгаараа судлаачид шүүмжлэлд их өртөг байх. Ер нь шинжлэх ухааны судалгаа практикт хэзээ хэрэгждэг вэ гэхээр төр, бизнесийн байгууллага, судалгааны байгууллага хамтарсан нөхцөлд биелэлээ олох боломжтой. Гэтэл яг үүнийг хангасан нөхцөл өнөөдөр манай аймагт алга байна. Төрийн бодлого байгаа ч хэрэгжүүлэх шатанд асуудал байна. Орхон аймагт ажиллаж байгаа их дээд сургуулиуд өөрсдөө бие дааж шийдвэр гаргах, төр засагтай хамтран ажиллах боломж бага байна.  

-Энэ сарын 26-нд шинжлэх ухааны ажилтны өдөр тохиож байгаа. Энэ үеэр  “Эрдэмтдийн зөвлөл”  хүний хөгжлийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулна гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай зөвлөл байгуулагдаад хоёр сар боллоо. Энэ хугацаанд “Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн боловсруулалт,  Шинжлэх ухаан, технологийн паркийн үйл ажиллагааны чиглэлээр судалгаа хийсэн. Тодорхой үр дүн гарсан. Дараагийн ажил Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулан “Эрдэнэт хүний хөгжил” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 11 сарын 26-нд Нутгийн удирдлагын ордонд 13 цагаас болно. Хүний хөгжлийн чиглэлээр ажилладаг, судалдаг, шинэ санал, санаачлага тээж явдаг хүн бүрт нээлттэй. Бид бэлтгэл ажлаа хангаад, шаардлагатай судалгааг хийж байна. Хэлэлцүүлгээс Орхон аймгийн хэмжээнд хүний хөгжлийн чиглэлээр баримтлах бодлогын товч зөвлөмж гарна. Энэ зөвлөмж нь зарим асуудлаар тодорхой, прагматик шинжтэй саналуудтай байна. Зөвлөмжөө аймгийн ИТХ, ЗДТГ-т хүлээлгэж өгнө. Энэ зөвлөмжөөс хүний хөгжлийн талаар олон жилийн хөтөлбөр гаргаж, хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй.

- Ярилцсанд баярлалаа.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ