ДОРНОД: Сургууль, цэцэрлэгт 28 мянга гаруй хүүхэд суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-08 11:09:37

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн ерөнхий боловсролын 26 сургууль, 35 цэцэрлэгт 28453 хүүхэд суралцана. Харин 2800 гаруй багш, ажилтан ажиллана гэж БШУГ-аас мэдээлэв.


Нэгдүгээр ангид 2000 хүүхэд элсэн ороод байна.

Энэ онд Дорнод аймгийн боловсролын салбарт орон нутгийн хөгжлийн сангаас 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сургууль, цэцэрлэгүүдийн барилга байгууламж, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулжээ.


Өнгөрсөн жилүүдэд Дорнод аймаг хүүхдийн сурах орчны тохижилт, авьяас ур чадварын хөгжил, сургалтын чанар, багш нарын нийгмийн баталгааг хангахад анхаарч ажилласан бол цаашид хүүхдийн хөгжил хамгааллыг бэхжүүлэхэд оло улсын байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдийг нэмэгдүүлж, ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах, хиймэл оюун ухаанд суурилсан төв, байгалийн шинжлэх ухааны төвийг ЕБС-иудад байгуулахаар зорьж байгаа юм. 

Холбоотой мэдээ