Хиймэл оюун ухааныг номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлэх хүрээг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан МУИС-ийн номын сангаас “Номын сан: Өнөөдөр, маргааш” форумыг дөрөв дэх жилдээ уламжлал болгон “Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр зохион байгуулж байна. Энэ удаагийн форум нь олон улсын хурал, семинар хэлбэрээр болж буйгаараа онцлог юм.
Хоёр өдөр үргэлжлэх тус форум нь
мэдээллийн хүртээмжийг тэлэх, орчин үеийн техник, технологи, хиймэл оюун
ухааныг номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлэх, дижитал шилжилт, судалгааны шинэ
боломжийг хэлэлцэж, академик номын сангийн үүрэг, хамтын ажиллагааг олон улсын
түвшинд нийцүүлэх зорилготой.
МУИС-ийн Номын сангийн ахлах мэргэжилтэн О.Нарантуяа ярихдаа, “Монгол судлалын судалгааны гол төв нь
Монгол Улс хэдий ч монголчуудын өв соёл дэлхий даяар тархан хадгалж байна.
Архив, музей, хийд, Үндэсний номын сан, МУИС, МУБИС зэрэг номын санд бүртгээгүй
олон бүтээл бий. Тэдгээрийг нэгтгэсэн үндэсний хэмжээний нэгдсэн каталог, цахим
платформ бий болгох шаардлагатай. Түүнчлэн ОХУ-ын Эрхүүгийн их сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын
их сургуулийн зэрэг номын санд хадгалж буй бүтээлийг багтааж, судлаачдад
нээлттэй болгох нь зүйтэй. Ингэснээр монгол судлалын цахим номын сан байгуулж,
цахимаар үзэх боломжгүй бүтээлийг хуулбарлан байршуулж, судалгааны эргэлтэд
оруулах боломж бүрдэнэ. Мөн дэлхий даяар тархсан монголчуудын өв соёлыг нэгдсэн
платформд оруулж, олон нийт, судлаачдад хүртээмжтэй болгоход номын сангууд зайлшгүй хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байна” гэв.
EBSCO-гийн
Монгол, Хятадын борлуулалт хариуцсан захирал Эдди Цай нь академик болон их
сургуулийн номын сангийн ирээдүйд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх дэлхийн чиг
хандлагын талаар танилцуулав. Тэрбээр хиймэл оюун ухаан нь ихэвчлэн нээлттэй эх
сурвалжид тулгуурлаж хариулт гаргадаг тул үнэн зөвийг ялган таних нь
хэрэглэгчийн хариуцлага болохыг онцолсон. Судалгааны
бүтээлийг хэвлүүлэхэд найдвартай эх сурвалж ашиглах нь чухал. EBSCO нь ёс зүйн
хэм хэмжээг баримталж, оюуны өмчийг зөрчихгүйгээр хиймэл оюун ухааны үйлчилгээг
судлаачдад хүргэх туршлагаа хуваалцсан юм.
Тус форумд гадаад, дотоодын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагын 100
гаруй төлөөлөл оролцож, 16 илтгэл хэлэлцүүлэх ажээ.