Эмнэлгийн тогооч нарыг мэргэшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-14 14:10:08

Увс аймгийн Эрүүл мэндийн газраас сумдын Эрүүл мэндийн төвийн тогооч нарт мэргэшүүлэх сургалт хийлээ.

Энэ сургалтаар эмчилгээний хоолыг хэрхэн бэлтгэх талаар мэргэжлийн тогооч зөвлөгөө өгчээ. Эмнэлгийн тогооч нар мэдлэг, ур чадвар, сэтгэл гурваа нэгтгэж байж хоол хийх хэрэгтэй болдог байна. Учир нь эмнэлгийн хоол нарийн ажиллагаа шаарддаг бөгөөд технологийн дагуу өвчтөн бүрийн онцлогт тохируулж хийдгээрээ ихээхэн онцлогтой аж. Тэгээд ч эмээр биш хоолоор хүнийг эмчлэх хэрэгтэй гэсэн зарчим байдаг байна. Иймээс эмнэлгийн тогооч нарын хариуцлага өндөр байдаг аж.

Аймгийн Эрүүл мэндийн газраас сумдын Эрүүл мэндийн төвийн тогооч нарыг мэргэшүүлэх сургалтыг жил бүр зохион байгуулдаг байна.

"Эмнэлгийн хоол өөх тус багатай, амт, шингэц сайтай, өвчтний биеийн байдалд тохирсон, их биш хэмжээтэй байдаг тул өвчтнүүд гэрээсээ ирсэн хоолоос илүүтэй дурладаг" хэмээн зарим тогооч нар ярьж байлаа.

Эмнэлгийн хоол сайн идвэл хурдан эдгэрдэг гэсэн үг байдаг тул сумын эмнэлгээс хийж өгсөн хоолыг өвчтнүүд дуустал иддэг аж.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ