Аймгийн ууган сургууль 90 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:50:32

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний лаборатори  1 дүгээр бүрэн дунд сургууль 90 жилийн ойгоо өнгөрсөн амралтын  өдрүүдэд тэмдэглэлээ.

Хан Хэнтий уулын аймгийн Баянмөнх уулын Суварган говьд нэг багш, 13 сурагчтай бага сургууль үүдээ нээж байсан бол эдүгээ 1635 сурагч, 111 багш, ажилтантай аймгийн боловсролын салбарын хамгийн том байгууллага болж хөгжжээ. 90 жилийн хугацаанд тус сургуулийг 11,2 мянган хүүхэд төгссөнөөс   хөдөлмөрийн баатар 1, төрийн шагналтан 7, ардын багш 1, ардын зураач 1,  гавьяат цолтон 39, доктор 94 төрж гарсан  байна. Мөн сургуулийн захирлаар 33, сургалтын менежерээр  42, нийгмийн ажилтнаар 33, багш 652, ажилтан ажилчид 457 ажиллаж байсныг  тус сургуулийн захирал Ц.Оюунжаргал ойн баярын хуралд тавьсан илтгэлдээ дурдлаа.

Энэ үеэр “Наран гийсэн эрдмийн өргөө-90” ойн баярын нээлт, баярын хурал,  “Эрдмийн өргөөний эгшиглэнт аялгуу” багш сурагчдын хамтарсан урлагийн тоглолт, “Боловсролтой иргэн-хөгжлийн хөтөч” эрдэм шинжилгээний бага хурал, “Он цагийн хэлхээс” үзэсгэлэн, багш ажилчид, төгсөгчдийн дурсамж уулзалт  болсон  байна.

   Сүхбаатар аймаг  Г.Сүхээ

Холбоотой мэдээ