Шаамар суманд зөгийн зоорь барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-16 23:08:31

Зөгийний аж ахуйг брэндээ болгож чадсан Сэлэнгэ аймгийн Шаамар суманд “Зөгийн зоорь” барина.

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар хооронд “Зөгийн зоорь барих” тухай төслийн хэлэлцээрт аймгийн Засаг дарга Ш.Оргил, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын дэд координатор Өмэр Гүндоуду нар гарын үсэг зурлаа.

Шаамар сумын зөгийчдөд үр ашгаа өгөх энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурахад аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон Шаамар сумын зөгийчдийн төлөөлөл байлцлаа.

Анх 1959 онд ОХУ-ын Буриад улсаас 20 бүл зөгий авчирч Шаамар суманд нутагшуулснаар зөгийн аж ахуй үүссэн түүхтэй. Тэгвэл өнөөдөр энэ газарт зөгийн аж ахуй эрхэлж байгаа 10 гаруй аж ахуйн нэгжид 3500 гаруй бүл зөгий нутагшиж байна. Зөгийн аж ахуй эрхлэхэд олон бэрхшээлтэй асуудлууд тулгардаг аж. Тухайлбал бэлчээрийн асуудал, борлуулалт, мөн өвлийн цагт зөгийгөө өвөлжүүлэх байр сав гээд тоочиж дурдвал их гэнэ.

Иймээс аймгийн дарга нутгийнхаа иргэдийн энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайж, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газарт санал тавьсан нь дэмжигдэн төсөл хэрэгжих боломж нээгдэж байгаа нь энэ юм. Шаамар сумын зөгийчид жилдээ 60-70 тн зөгийн бал үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг ажээ. Энэхүү зөгийн зоорийг ирэх хавар дулааны улирал эхлэхэд барьж эхлэх бөгөөд Монгол орны онцлогт тохирсон уламжлалт аргыг хэрэглэх үү, эсвэл сүүлийн үеийн шинэлэг аргыг хэрэглэх үү гэдэг нь одоогоор шийдэгдээгүй судалгааны хүрээнд явагдаж байгаа ажээ. Ямартаа ч Шаамар сумын зөгийчид хоёр ширхэг зоорьтой болох нь ээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ