Өргөгч байгууламжуудын 20 хувь нь хангалтгүй дүн үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын шалгалтын баг тус аймгийн авто өргөгч байгууламжуудад шалгалт хийжээ.
Аймгийн МХГ-ын Авто өргөгч, миханизмын хяналтын улсын байцаагч Л.Лхагвасүрэн:-“Саяхан улсын хэмжээнд ашиглагдаж байгаа авто өргөгч буюу лифтийн тооллого болж өнгөрсөн бол Дархан-Уул аймагт хийсэн тооллогын дүн гарсан. Аймгийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны лифт 59 тоологдлоо. Үүнээс гадна хоёр аж ахуйн нэгжийн автомат лифт ажиллаж байна. 2013 онд улсын хөрөнгө оруулалтаар 10 лифтэд шинэчлэл хийгдсэн. Шалгалт тооллогод хамрагдсан лифтүүдээс 61.3 хувь нь одоогийн байдлаар ашиглагдаж норм хэмжээгээ барьж хэвийн ажиллаж байгаа бол бусдад нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа. Ер нь аймгийн хэмжээнд зөвхөн лифт ч биш өргөх байгууламж ашиглаж байгаа байгууллагуудад аюулгүй ажиллагааны шалгалт хийж бүртгэснээр 156 өргөгч байгууламж тоологдлоо. Эдгээрийн 80 орчим хувь нь хэвийн ашиглагдаж байгаа бол үлдсэн 20 хувь нь ашиглагдаагүй байна. Үүнээс үзэхэд аймгийн хэмжээнд өргөх байгууламжийн байдал гэвэл 63.0 хувь нь бага эрсдэлтэйгээр ажиллаж үлдсэн хэсэг нь их, дунд эрсдэлтэй гэж гарлаа. Иймд бид их, дунд эрсдэлтэй гарсан өргөх байгууламжуудыг ирэх 2016 онд шалгалтынхаа төлөвлөгөөнд оруулж шалгаад эрсдлийг арилгуулахаар ажиллаж байна” гэв.
Б.Норовсамбуу