“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монголын гурван тамирчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-25 15:02:11

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Италийн Милан, Кортина хотод 2026 оны гуравдугаар сарын 6-нд хөшгөө нээх өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд гурван тамирчин оролцох эрх нь баталгаажжээ.


Тодруулбал, гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ өрсөлдөхөөр болов.


Б.Ганболд өвлийн паралимпын наадамд хамгийн олон удаа оролцож буй Монгол цаначин бол Ц.Дашдорж паралимпын наадамд хоёр дахь удаагаа уралдахаар бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.


Харин А.Сэлэнгэ паралимпын наадамд оролцох эрх авсан Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо. Түүний хувьд энэ онд Японд болсон Азийн цомоос хүрэл медаль хүртсэнээр паралимпын наадамд оролцох эрхтэй болжээ.


Өвлийн паралимпын наадамд манай улсаас анх 2006 онд гүйлтийн цанын тамирчин Н.Сүхбаатар оролцож байсан юм. Монголчууд үүнээс хойш зургаа дахь паралимпын наадамдаа оролцох гэж байна.

Холбоотой мэдээ