“Тогтвортой хөгжил ба тусгай хамгаалалттай газар нутаг” хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-22 10:42:35

“Тогтвортой хөгжил ба тусгай хамгаалалттай газар нутаг” сэдвээр онол практикийн хэлэлцүүлгийг Ховд аймагт “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслөөс зохион байгуулж  байна.

Хэлэлцүүлэгт тус аймгийн 17 сумын  засаг дарга  байгаль орчны байцаагч, аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд, Газрын Харилцаа Барилга, Хот Байгуулалтын мэргэжилтнүүд оролцлоо.

Газрын харилцаа геодиз зурагзүйн газрын мэргэжилтэн Н.Мөнхөө “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах аргачлал, анхаарах асуудал, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх", Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн эрхлэгч Б.Оюунгэрэл "Экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүн, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хоорондын уялдаа холбоо" сэдвээр мэдээлэл өгч, санал солилцлоо.

Газрын харилцаа геодиз зурагзүйн мэргэжилтэн С.Энх-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд иргэд газрыг олон зориулалтаар ашиглан баялаг бүтээж, үр шимийг хүртэн газар нутагтаа эзэн болох чиглэлийг агуулсан нутаг дэвсгэрийн хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах талаар зөвлөв.

Байгалийн нөөцийг арвижуулан хамгаалж, зүй зохистой хэрэглэж ирсэн хараахан баталгаажаагүй байгаа уламжлалт эрх,албан бус эрх, тэдгээрийг дагалдах эрхийг бүртгэж баталгаажуулах шаардлагатай байгаа талаар мэдээлэл солилцож  байгаль орчны байцаагч нарын санал сэтгэдлийг сонслоо.

Ховд аймгийн хэмжээнд 1,9 сая га талбайг тусгай хамгаалалтад авбал газар нутгийн 60 хувь хамгаалагдана. Ингэвэл ашигт малтмалын лиценз олгохгүй байх давуу талтай бөгөөд Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг нөхөрлөл, нутгийн иргэд өөрсдөө хамгаалж, өөрсдөө баялаг ашгаа хүртэх давуу талтай  болохыг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв.

“Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөл нь аймаг, сумын газар зохион байгуулалт, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг оновчтой болгох замаар газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, орон нутгийн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын болон төрийн албан хаагчдыг чадавхжуулах зорилготой ажээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ