Ганга нуурын орчимд тарих модны суулгац хандивласаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-26 14:10:11

Сүхбаатар аймгийн гайхамшиг газруудын нэг Ганга нуурын эргэн тойронд мод суулгахад зориулж Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас модны суулгац хандивласаар байгаа бөгөөд одоогоор 1000 гаруй суулгацыг цуглуулаад байна. Харин модыг тарихад төрийн болоод бусад байгууллагуудын дэмжлэг шаардлагатай байгаа юм.

Ганга нуур дахин сэргэж байгаа бөгөөд дахин ширгэх байдалд хүргэхгүйн тулд нуурыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс санаачлан шат дараатайгаар хийж байна.

Өнгөрсөн 10-р сарын 20-24-ны өдрүүдэд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, “Сүхбаатар-ойжуулалт” сум дундын ойн анги,” Ойжуулалт-хайлааст” ХХК-иудтай хамтран элсний нүүдлийг сааруулах улмаар зогсоох зорилгоор  нуурын баруун хойд хэсгийн 4.4 га газарт 2200 ш улиас, хайлаас модыг тарьж ойн зурвас байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Цаашид тарьсан модны хамгаалалтыг Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ургуулах арчилгааны ажлыг “Сүхбаатар-Ойжуулалт” ойн анги, “Ойжуулалт-хайлааст” ХХК-иуд хариуцан ажиллах юм.

 

Т. Одончимэг

Холбоотой мэдээ