Мандал суманд “Хүүхэд хүргэлт”-ийн үйлчилгээ ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Мандал сум бага ангийн сурагчиддаа “Хүүхэд хүргэлт”-ийн үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ, дохиолол, харуул хамгаалалтын үйлчилгээ эрхэлдэг “Бүрэн цэнгэл” ХХК-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Хүүхэд хүргэлт”-ийн үйлчилгээг амжилттай эхлүүлээд байна. Тус сумын ЗДТГ-аас нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусыг гарган өгсөн бөгөөд “Хүүхэд хүргэлт”-ийн үйлчилгээг “Бүрэн цэнгэл” ХХК гүйцэтгэж байгаа ажээ. Энэхүү үйл ажиллагааг Мандал сумын 1-р сургуультай гэрээ байгуулснаар энэ сарын 18-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ.
Хүүхэд хүргэлтийн эл үйлчилгээ нь маш их эрэлт хэрэгцээтэй байгаа аж. Тухайлбал тус сумын 2, 3-р сургуулиас энэхүү үйлчилгээг авах хүсэлтээ ирүүлээд байгаа гэлээ. Тус үйлчилгээ нь компани, эцэг эх, багш гэсэн гурвалсан гэрээний үндсэн дээр хэрэгжиж байгаа бөгөөд өглөө гэрийнх нь үүднээс сургууль, орой сургуулиас гэр хүргэх үйлчилгээг үзүүлж, өдөрт 2 удаа хүүхдийг зөөвөрлөж байгаа юм ажээ. Нэг хүүхдийг өдөрт хоёр удаа зөөхөд сарын төлбөр нь 50000 төгрөг, харин нэг удаа бол 25000 төгрөгийн төлбөрийг эцэг эх төлөх аж. Харин нэг гэрийн 2 болон түүнээс дээш хүүхдийн төлбөрийг 30 хувь хөнгөлж үйлчилдэг байна. Хүүхдийн автобусанд жолоочоос гадна хүүхдийг сургууль болон гэр лүү нь оруулж өгөх үүрэг бүхий хөтөч багш ажилладаг байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг