Багш нарын урлагийн анхдугаар их наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-28 13:31:27

“Багш нарын урлагийн анхдугаар их наадам-2016” арга хэмжээг Сэлэнгэ аймгийн “Залуу багш нарын холбоо”-ноос санаачлан анх удаа зохион байгууллаа.

Энэ сарын 26-ны өдөр болсон уг арга хэмжээ нь Сэлэнгэ аймагт анх удаа болсноороо онцлогтой юм. Залуу багш нарынхаа санаачлан хэрэгжүүлж буй уг арга хэмжээг аймгийн дарга дэмжиж, ивээл дороо зохион явууллаа. Наадам нэгдүгээр шатны шалгаруулалтаа аймгийн хэмжээний 5 бүсийн хүрээнд явуулсан бөгөөд сүүлийн шалгаруулалт болох аймгийн урлагийн аварга багш нараа шалгаруулах үйл ажиллагаагаа ийнхүү аймагтаа зохион байгууллаа. Энэ удаагийн багш нарын урлагийн анхдугаар их наадам нь чөлөөт үзүүлбэр, гоцлол дуу, гоцлол бүжиг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, үндэсний хөгжим гэсэн төрлүүдээр урлагийн авьяастнуудаа тодруулсан юм. Ингээд анхдугаар их наадмын тэргүүн байрт “Бэлчир”-ийн бүс, дэд байрт “Хараа” бүс, гутгаар байрт “Орхон” бүсийн авьяаслаг багш нар шалгарч их наадмынхаа анхны шагналын эзэд боллоо.

Тус их наадмыг аймгийн Засаг даргын ивээл дор Аймгийн залуу багш нарын холбоо, Аймгийн БСУГ хамтран нийт сум тосгодын багш нарынхаа дунд амжилттай зохион байгууллаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ