Ө.Золбаяр:Багш нар өөрсдөө гоо зүйн мэдлэг, мэдрэмжтэй байж, үлгэрлэх ёстой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Залуу багш нарын холбооны тэргүүн, Сүхбаатар сумын ЕББД Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн багш Ө.Золбаяртай хийсэн ярилцлагаа хүргэе.
-Юуны өмнө шинийг сэдэж, шинэлэг ажил арга хэмжээг аймгийнхаа боловcролын салбарын хэмжээнд зохион байгуулсан танай холбооны хамт олонд баяр хүргэе. Танай холбоо хэзээ байгуулагдав. Үйл ажиллагааныхаа талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Манай байгууллага бол Сэлэнгэ аймгийнхаа багш нарын хувь хүний хөгжилд өөрсдийнхөө тодорхой хувь нэмрийг оруулах зорилготой байгууллага. Манай холбоо байгуулагдаад нэг жил болох гэж байна. Өнөөдрийн байдлаар бид УЗ-ийн 12 гишүүнтэй, аймгийнхаа 5 бүсдээ тус бүр бүсийн зөвлөл ажиллаж байгаа. Одоогоор бид орон нутагт залуу багш нарын холбоо хэрхэн яаж ажиллах вэ гэдэг аргачлалаа хайж байна. Өөр аймгуудад хэрхэн ажилладгийг сайн мэдэхгүй байна. Иймээс туршлага судлах зүйл одоогоор харагдахгүй байна. Харин хот ч гэдэг юм уу төвлөрсөн газарт үйл ажиллагаа явуулахад их амархан байдаг. Гэтэл тарж байрласан сумдтай, орон нутгийн түвшинд ажил зохион байгуулахад зарим хүндрэл бэрхшээлүүд байдаг юм байна. Үүнийг аль болох даван туулж, үйл ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх арга замаа бид хайж байна.
-“Багш нарын урлагийн анхдугаар их наадам-2016” арга хэмжээг танай “Залуу багш нарын холбоо”-ноос санаачлан анх удаа аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Тиймээ. Бид Тус их наадмыг аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн БСУГ-тай хамтран нийт сум, тосгодын багш нарынхаа дунд амжилттай зохион байгууллаа. Бид энэхүү үйл ажиллагаагаараа багш нартынхаа урлагийн болон гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэхийг хүссэн. Мөн бие биенээсээ харилцан суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь нэмэр болох зорилгоор зохион байгуулсан. Энэ наадам маань бидний хувьд аймгийн хэмжээний томоохон бөгөөд анхны ажил боллоо. Цаашид энэ наадмаа бид уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулна.
-Танай холбооны зүгээс зохион байгуулан явуулж байгаа тогтмолжсон ямар ажил арга хэмжээ байна вэ? Цаашдынхаа зорилгын талаар сонирхуулаач?
-Манай холбооноос 7 хоног бүр тогтмол волейболын секц, англи хэлний сургалтыг зохион байгуулж явуулдаг. Сэлэнгэ аймагт өмнө нь багш нарын дунд урлагийн наадам болж байгаагүйг бид анзаарсан. Спортын арга хэмжээ бол олон болдог л доо. Иймээс бид энэ ажлыг санаачилсан юм. Урлаг өөрөө хүнийг их сайхан гоо зүйн боловсрол, мэдлэг, мэдрэмжтэй болгон төлөвшүүлдэг. Ингэж багш нар маань өөрсдөө гоо зүйн мэдлэг, мэдрэмжтэй болсноор аймгийнхаа хүүхдүүдэд боловсролыг хүргэх, багш нар өөрсдөө үлгэрлэх зэрэг давуу талтай болох юм. Бид цаашдаа Сэлэнгэ аймгийн Залуу багш нарын холбооны брэнд болсон олон сайхан шинэлэг ажлуудыг зохион байгуулахын зэрэгцээ та бүхнийхээ итгэлийг алдахгүй, олон олон шинэлэг ажлуудыг зохион байгуулах болно гэдгээ хэлье.
Ч.Отгонцэцэг