Зохион байгуулалт, бодлогын хүрээнд хийх ажил их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-29 15:43:23

Архангай аймгийн ЗДТГ-ын санхүү-төрийн сангийн хэлтсийн дарга Жанлавын Мөнхбатаас шинэ ажлынх нь талаар тодрууллаа.

-Шинэ албанд дэвшиж ажиллаж байгаад баяр хүргэе. Ажлаа юунаас эхлээд төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө энэ салбарт хийж хэрэгжүүлж байсан үр дүнтэй сайн ажлуудыг үргэлжлүүлэн төрт ёсны зарчим, төрийн албаны залгамж чанарыг хадгалж ажиллана.

Санхүү төсвийн салбарын өөрчлөлт, шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, энэ салбарт ажиллагсадын төрийн үйлчилгээ, харилцааны соёл, мэргэжлийн ёс зүй, ур чадвар, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ төсөв захирагч нарын төсвийн мөнгөний зарцуулалт бүрийг хийсэн ажил үйлчилгээний чанар, үр дүнтэй нь уялдуулан үр ашгийг тооцож хэвшүүлэх, төсвийн мөнгө зарцуулах, төрийн ажилд хандах хандлага, сэтгэлгээг өөрчлөхөөс эхэлнэ.

Тухайлбал батлагдсан төсвийг хэтрүүлдэг, зориулалт бус зарцуулдаг, өр үүсгэдэг өнөөгийн нөхцөл байдлыг судлан таслан зогсоож, ажлын арга барил, менежментийг сайжруулах, хяналт шалгалт, аудитын өгөөж, үр дүнг тооцож хэвшүүлэх, төсвийн зөрчил дутагдал гаргасан албан тушаалтнуудтай ажлын туршлага тооцдог болох, төсөв нягтлан бодох бүртгэл санхүүгийн салбарын ажил үйлчилгээний зарим доголдол, ёс бус харилцаа, чирэгдлийг арилгаж, хуулийн хүрээнд хөнгөн шуурхай, зөв боловсон, соёлтой харилцаа үйлчилгээг бий болгох, санхүүгийн ажилтнуудын мэргэжлийн чадвар, чадамжийг үнэлэх зэрэг зохион байгуулалт, бодлогын хүрээнд хийх ажил их байна.

-Өөрийнхөө тухай танилцуулна уу?

-Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн. Нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй. Төрийн болон бизнесийн удирдлагын магистр. Аймгийнхаа материал техник хангамжийг удирдах газар, Хүнсний үйлдвэрт нягтлан бодогч, Төрийн хянан шалгах хороонд ахлах хянан байцаагч, Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засаг, үйлдвэрлэлийн болон Санхүү төрийн сангийн хэлтэст санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн дарга, Дотоод аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах аудитор –улсын байцаагчаар улсад нийт 28 жил, үүнээс төрийн албанд 23 жил ажиллаж байна.

Л.Булган

Холбоотой мэдээ