Дундговь аймаг дахь Цусны салбар төв өргөжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМонгол Улсад хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр- 5” төслийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг дэх Цусны салбар төвийг өргөтгөн засварлаж эхэлжээ.
Уг төслийн хүрээнд Цусны салбар төвийг 400 шахам сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цус, цусан бүтээгдэхүүн бэлдэхэд шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангасан. Үүний үр дүнд цус, цусан бүтээгдэхүүний нэр төрөл 3 дахин нэмэгдээд байгаа юм. Зөөврийн хөргөгчөөр хөдөөгийн суманд цус, цусан бүтээгдэхүүн хүргэх боломж ч бий болсон. Харин одоо тоног төхөөрөмжөө зориулалтын байранд байршуулах, салбар төвийн багтаамжийг нэмэгдүүлэхээр шаардлага тулгарсан тул өргөтгөл засварыг ийнхүү эхлүүлжээ.
“Жил тутамд цусны хэрэгцээ өсч байна. Тухайлбал, өнгөрсөн жил цусны салбар төв 168 донороос 80 литр цус бэлдэн нийлүүлж байсан бол энэ оны 11 сарын байдлаар гэхэд 297 донороос 110 литр цус бэлдсэн” гэж Цусны салбар төвийн технологич бага эмч С. Өлзийсайхан хэлсэн юм. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ ийн өсөхөд хавдар, ходоодны цус алдалт, осол гэмтлийн шалтгаан голлон нөлөөлсөн байна.
Цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өсч байгаа ийм үед Цусны салбар төв шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдон өргөжиж байгаа нь Дундговийн эрүүл мэндийн салбар дахь чухал хөрөнгө оруулалт болж байгаа ажээ.
Цусны салбар төвийн өргөтгөлийн засварыг Улаанбаатар хотын “Сагнус Сенториус констракшн” ХХК гүйцэтгэж байна. Ирэх сарын сүүл гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх ажээ.
Т. Отгонтуяа