Менингококкт халдварын үед ашиглах эм, урвалж бодисын нөөц бүрдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМенингококкт халдвараас сэргийлэх арав хоногийн аяныг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар зарлаад байна. Энэ хугацаанд өрх, сумын ЭМТ, аймгийн Нэгдсэн эмнэлэг менингококкт халдварын үед ашиглах оношлогоо эмчилгээ, багаж хэрэгсэл, эм,урвалж бодисын бэлэн байдлыг хангаж, нөөц бүрдүүлэх юм байна. Мөн олон нийтэд менингококкт халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүртээмжтэйгээр хүргэж ажиллах ажээ.
Менингококктын халдвар Дундговь аймагт 2007 онд бүртгэгдэж, 5 жилийн дараа буюу 2012 онд хамгийн сүүлд бүртгэгдэж байгаад энэ онд нэг тохиолдол гарсан байна. Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд томуу томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлчихсэн энэ үед менингококктын халдвараас сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэх нь аяны гол зорилго болж байгааг ЭМГ- ын мэргэжилтэн Б.Саруулцэцэг хэллээ.
Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга нар ЭМС-ын 2008 оны “Менингококкт халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” тушаалаар эмч, эмнэлгийн ажилтнууддаа сургалт хийж, мөн урвалж бодис, эмийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх бол эмч нар амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдэд хамар хоолойн болон архаг үрэвсэлт өвчлөлийг илрүүлэх үзлэгийг хийж, эмчилгээ, зөвлөгөөг өгөх, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд харъяа иргэд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүдэд амны хөндий, хоолойг зайлах аргуудын талаар зааж сургах зэрэг ажлыг энэ арав хоногт эрчимтэй зохион байгуулах юм байна.
Т. Отгонтуяа