Ж.Эрдэнэбат: Хувийн хэвшлийнхэн нийлж төмөр зам барих нь зүйтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
mishigsuren@montsame.mn
2016-12-04 16:54:14

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 3-ны бямба гаригт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэрээ сумын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан юм. Ерөнхий сайдтай хамт  УИХ, Засгийн газрын зарим гишүүд хамт ажиллалаа.

Гурвантэс суманд хайгуулын 49 лиценз олгогдсон, нүүрсний томоохон ай сав газар бөгөөд уг суманд одоогоор нүүрсний 6 уурхай үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өмнийн говийн элс”, “Өсөх зоос”, “Монголын алт” ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. “Өмнийн говийн элс” компани 460 гаруй ажилтантай бөгөөд тэдний 99 хувь нь монгол гэнэ. Монгол ажилчдын 50 гаруй хувь нь тус аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй, Даланзадгад сумын иргэд ажээ. Тус компани Овоот толгойн нүүрсний уурхайд Нойтон технологиор баяжуулах үйлдвэр байгуулж байгаа ирэх хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдүүлэхээс гадна нэгж бүтээгдэхүүний экспортын орлогыг өсгөх, нэмүү өртөг шингэх зэрэг боломжтой. Эхний ээлжинд 800 мянган тн нүүрс баяжуулна, гурав дахь жилээс 3,2 сая тн болгож нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайдад танилцуулсан.

Мөн МАК компани ч нойтон аргаар баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж буй ажээ. Тус компани БНХАУ-аас 35 Кв-ын цахилгаан дамжуулах шугам дэд станц байгуулан эрчим хүч импортолж, Гурвантэс, Ноён, Сэврэй сум, Овоотын хилийн хороо зэрэг олон аж ахуйн нэгж байгууллагыг эрчим хүчээр хангадаг байна. Тэд цахилгаан станц барих хэрэгцээ, станцын төслөө танилцуулсан юм. Энэ асуудалд Эрчим хүчний сайд П.Ганхүү хариулахдаа "Хятад улсаас эрчим хүчээ авч байгаа нь өртөг өндөр. Тэгээд ч цаашид уурхайнуудад цахилгаан тоног төхөөрөмж ажиллуулах төдийгүй эдгээр сумдад жижиг, дунд үйлдвэр байгуулахад хангалттай эрчим хүч биш. МАК гурван блок бүхий 196 МВт-ийн цахилгаан станц барих ТЭЗҮ гаргаж, зөвшөөрлөө яамнаас авсан. Эхний ээлжинд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниуд болон орон нутгийн хэрэгцээг бүрэн хангах блокийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Станц ашиглалтад орвол уурхайнуудын олборлолтын зардал багасч, Баянхонгор аймагт хэрэгжих уул уурхайн төслүүд болон орон нутгийн хэрэгцээг нэмж хангаж, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх учраас яам бодлогын дэмжлэг үзүүлэх нь зөв гэж үзсэн" хэмээн ярилаа.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний зургаан уурхай  жилд 32 сая тонн нүүрс олборлож, экспортлох хүчин чадалтай хэдий ч боомтоор нэвтрүүлэх автомашины тээврийн хүчин чадал ердөө 11 сая тн байгаа юм. Тиймээс төмөр зам барих шаардлагатай байгааг уурхайн удирдлагууд Ерөнхий сайдад уламжилж нүүрсний экспортын худалдаа, нүүрсний үнийн нэг цонхны бодлого хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэсэн юм.

Нүүрсний уурхайн компаниуд хамтраад төмөрзам барих боломжтой тиймээс та нар ойлголцож хамтарч чадвал Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Харин уулзалтад оролцсон гурван компани хамтарч ажиллан нэг жилийн хугацаанд Нарийн сухайт Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг барьж дуусгах боломжтой гэдгээ илэрхийлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр зам, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөрзамыг  барьж байгуулахаар туссан. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр манай яам бэлтгэл ажлыг хийж байна" гэлээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ