408 812  малчинд 112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-05 14:37:12

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн урамшууллын талаар  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ХХААХҮЯ-ны Мал Хамгаалах Сангийн ерөнхий менежер Ц.Нямсүрэн ярихдаа, “Малчдын дансанд өнөөдрийн байдлаар 40 460 малчин өрхөд 8 тэрбум 542 сая 662 мянган төгрөг шилжүүлээд байна. “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд 408812  малчинд 112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. 2015 оны ноосны урамшууллаас хоршооны гишүүн бус гэх шалтгаанаар хасагдсан малчин өрхүүдэд урамшууллын мөнгийг нөхөн олгосон бөгөөд 5020 малчин өрхөд 707.6 сая төгрөг "Малчин" дансанд шилжүүлсэн. Харин данс буруу гэсэн шалтгаанаар 209 малчны 27.7 сая төгрөгийг шилжүүлээгүй. Ирэх онд дээрх урамшуулал үргэлжилнэ. Үндэсний үйлдвэрт ноос болон арьс, шир бэлтгэж тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгоно. Харин ноос ноолуур, арьс ширээ хятадуудад тушаасан малчид урамшуулал авахгүй” хэмээн онцлов.

Ноосны урамшуулалд 2013 онд хамгийн их буюу 36.6 тэрбум төгрөг олгож байсан бол 2011 онд 9.8 тэрбум төгрөгийн урамшуулал өгсөн байна. 2015 онд 74387 малчинд 18.6 тэрбум төгрөг олгож байжээ.

Харин “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд 2013-2014 онд нийт 10.8 тэрбум төгрөгийн арьс ширний урамшуулал олгосон байна.

Дашрамд дурдахад 2017 онд  22 мянган тонн ноос ноолуур авч, 100 440 малчинд 24 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор төлөвлөжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ