Увс аймгийн төсвийг тэрбум гаруй төгрөгөөр бууруулж баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит гуравдугаар хуралдаан энэ сарын 1-2-ны өдрүүдэд Улаангом хотноо болж өнгөрлөө.
Тус хурлаар аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “МАНАЙ УВС” үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2016 оны нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлт, аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсөв, аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, орлогч дарга Ц.Батболд нарын хүмүүс тавьж хэлэлцүүллээ.
Аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг “МАНАЙ УВС” нэрийн дор боловсруулж, нийгмийн хөгжлийн 82, эдийн засгийн чиглэлийн 76, байгаль орчин, ногоон хөгжлийн 22,төрийн үйлчилгээ, засаглалын бодлогын 28, нийтдээ 208 зорилтыг хэрэгжүүлэх төслийг хуралд оруулж ирсэн юм. Хурлын төлөөлөгчид энэхүү зорилтууд дээр нэмж 10 гаруй санал оруулсан нь дэмжигдэж, улмаар ирэх дөрвөн жилд Увс аймгийг хөгжүүлэх 220-иод зорилтыг батлан гаргалаа. Ирэх 4 жилийн хөтөлбөрөөс хамгийн авууштай нь Увс аймаг байгаль орчноо хайрлан хамгаалж, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр түлхүү анхаарч ажиллахаар болсон нь сайшаалтай байв.
Аймгийн Засаг даргын ирэх 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг Увс аймгийн 20 мянга гаруй өрхөд саналын хуудас хүргүүлэн сум, байгууллага, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг авч эрэмбэлэн аймгийн хөгжлийн хөтөлбөрүүд, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, эрдэмтэн судлаачид, иргэд сонгогчдоос ирүүлсэн 9648 саналыг үндэслэн боловсруулжээ.
Увс аймгийн өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл 68 тэрбум 933 сая 905 мянган төгрөг байсан бол 2017 оны төсвийг 57 тэрбум 819 сая 544 мянган төгрөгөөр батaлсан юм.
Б.Батхүү