"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гаас 13 төсөл хөтөлбөрийг дэмжихээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-06 18:19:27

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гаас 2017 оны эхний улиралд 13 төсөл хөтөлбөрийг дэмжихээр болжээ.

“Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны 4 сард байгуулан ажиллаж байгаа юм. Уг гэрээг хэрэгжүүлэхээр “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Төрийн бус байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2015 оны 9 сард байгуулсан билээ. Жил бүр 5 сая ам.долларын санхүүжилтийг “Оюу толгой” ХХК нь тус санд төвлөрүүлж бөгөөд иргэд, байгууллагуудаас ирсэн төслийг шалгаруулан дэмждэг юм. Энэ удаагийн төслийн шалгаруулалтанд нийгмийн дэд бүтцийг Манлай сумын уурын зуух барих ажлыг дэмжсэн байна. Мөн тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдэд "Цахим сургалтаар сурагчдын мэдлэг чадварыг сайжруулах" /Даланзадгадын 5 дугаар сургууль/, "Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа", "Хүний наймааны хохирогч болон цагаачдын эрхийг хамгаалах төсөл", "Миний гэр бүл төсөл", "Орон нутагт замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцох мэдлэг чадвар эзэмшүүлэх хөтөлбөр", "Говийн бүсийн сэргээн засах үйлчилгээ төсөл" зэрэг 13 төсөл хөтөлбөрүүдийг дэмжжээ.

Тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар "Тус сангийн тухай хүмүүст сайн хүрээгүй учир үр дүнтэй төсөл бага ирсэн байна. Сангийнхаа тухай сайн сурталчилах ажил хийх хэрэгтэй" гэсэн юм. Ирэх оны 1 сард дахин шинэ төслүүдээ авч, 3 сард шалгаруулах ажээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ