Улс төрийн харилцаанаас гадна иргэд хоорондын харилцаа өргөжсөнийг сайшаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-07 17:18:30

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг бүр мөсөн эх орондоо буцаж буйтай нь холбогдуулан 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд Т.Шимизү 1975 онд Японы Гадаад хэргийн яаманд Монголыг хариуцсан мэргэжилтнээр орсноос хойш нийт 41 жил ажилласан тухайгаа дурдаад энэ хугацаанд Монгол, Японы харилцаа өндөр түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр цааш хэлэхдээ "Улс төрийн харилцаанаас гадна иргэд хоорондын харилцаа сайн хөгжиж ирлээ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын эдийн засгийн харилцаанд ихээхэн ахиц гарч, худалдаа, хөрөнгө оруулалт өснө гэдэгт итгэл төгс байна. Хэлэлцээрийн үр шимийг хүртэхийн тулд хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлага байгаа. Би ч энэ чиглэлд санаж бодсон зүйл бий" гэв.

Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Японы харилцаа өнөөгийн өндөр түвшинд хүрэхэд Элчин сайд Т.Шимизү-гийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлээд, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд цаашид ч өндөр ач холбогдол өгч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Холбоотой мэдээ