Малчдад туслах аянд 18 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-08 10:46:11

Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас санаачлан өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа Алтай, Үенч, Булган сумын малчид, иргэдэд туслах “Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа"  хүмүүнлэгийн аяныг өрнүүлсэн юм.

Тус  аяны хугацаанд  мөнгөн дүнгээр тооцвол 18 сая төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг  хандивласан гэдгийг аян зохион байгуулах  ажлын хэсгийнхэн хэллээ.

12 дугаар сарын 6-ны өдөр Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон аяныг зохион байгуулсан ажлын хэсгийнхэнтэй  Булган сумын удирдлагуудад Жаргалант сумынхны сэтгэлийн дэм болсон хандивын бараа бүтээгдэхүүнийг  хүлээлгэн өглөө.

“Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа хүмүүнлэгийн аянд Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд хамрагдан тусламжийн гараа сунгаж, нийт 160 нэр төрлийн 12 мянга 758 ширхэг  эд зүйлсийг хандивлажээ.

Хандивын бараа бүтээгдэхүүний 50 хувийг Булган суманд, 20 хувийг Алтай суманд, 30 хувийг нь  Үенч суманд олгохоор ажлын хэсэг  шийдвэрлэжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ