Парист “хайрын цоож”-ны дуудлага худалдаа зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-12-08 15:21:15

ПАРИС. /CNN/. Парис хот “хайрын цоож”-той "харилцаагаа таслаад" жил гаруй болжээ.Жинхэнэ хайрын бэлгэ тэмдэг болгож тус хотын гүүрнүүд дээр цоож зүүдэг уламжлалыг хотын зөвлөл "аюултай" гэж үзсэн тул энэ байдлыг зогсоохоор шийдвэрлэсэн байна.

"Хайрын цоож" нь увидастай хүмүүсийг татдаг байсан боловч зүүсэн цоожнуудын жин нэмэгдсээр байгаа тул гүүр нурж унахад ойрхон болсон байна. 

Бэлгэ тэмдэг болсон уг дурсгалт зүйлийг хотын иргэд үгүй хийхийг хүссэнгүй. Ингээд нэгэн сонин шийдэлд хүрсэн байна. Цоожнууудыг дуудлагаар худалдан, орлогыг нь дүрвэгсдэд тусламж болгон өгөхөөр шийдвэрлэжээ. 

“Дуудлага худалдаагаар олсон бүх мөнгийг дүрвэгсдэд тусалдаг байгууллагуудад хуваарилан өгнө” гэж хотын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Бруно Жуллиард мэдэгдлээ.

Өнгөрсөн жилүүдэд гүүрнээс салгаж авсан цоожнуудын тоог үзвэл, Парис хотын зөвлөл бараг 100 мянган евро /$107 000/ олно гэж үзэж байгаа аж. Зөвхөн "Понтс де Артс" гүүрний нэг хэсэгт гэхэд 700 мянган цоож өлгөөтэй байна.

Италийн зохиолч Федерико Моссиа өөрийн бичсэн хайрын сэдэвтэй уянгын тууж романуудынхаа нэгэнд уг уламжлалын талаар бичсэнээс үүдэн Европт цоож зүүж орхидог ёс тогтсон ажээ.

Уг уламжлал эхэндээ сайхан сэтгэгдэл төрүүлдэг байсан боловч эртний түүхт гүүрнүүдийн зарим хэсэг нурж эхэлснээс хойш хүмүүсийн сэтгэлийн хөөрөл намджээ. 

“Хайрын цоож” өлгөхөөс сэргийлэн Парис хотод шилэн хаалт босгох болсон байна. 

Харин одоо уянгын халилд автагсад эдгээр цоожийг худалдан авч Францын түүхийн нэгээхэн хэсгийг хадгалан үлдэх боломжтой болох юм.    

Дуудлага худалдаа ирэх хавар болно.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ