Зам тээврийн ослын улмаас 21 хүн нас барж, 18 иргэн биедээ хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-09 10:30:29

Хэнтий аймгийн Прокурорын газар 2016 оны эхний 11 сарын байдлаар нийт 506 эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавин ажиллажээ.

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” заасан 36 эрүүгийн хэрэгт прокурор хяналт тавин ажилласан ба зам тээврийн ослын улмаас 21 хүн нас барж, 18 иргэн биедээ хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.

Дээрх төрлийн гэмт хэрэг гарахад иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулахгүй байх, шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээг нэн даруй авч чадахгүй байх, тээврийн хэрэгслийг түр ба удаан хугацаанд зогсоох, эгнээ байр эзлэх, гүйцэд түрүүлэх үйлдлийг буруу хийх, шөнийн цагт гэрлээ шилжүүлэхгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, суудал өндөрсгөгч, суудлын бүс тохируулагчийг хэрэглэж хэвшээгүй, өвлийн нөхцөлд мотоцикльтой хөдөлгөөнд оролцох гэх мэт хууль, дүрэм, журмын заалтыг чанд мөрдөхгүй байгаа зэрэг нөхцөл байдлууд нөлөөлжээ.

Нөгөө талдаа намрын сүүл, өвлийн эхэн саруудад нойтон цас ихээр орж, суурин газар, орон нутгийн замууд мөстөн халтиргаа, гулгаа бий болсонтой холбоотойгоор байгууллага, иргэд, жолооч нарын зүгээс хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэхгүй байх, өвлийн нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, стандарт шаардлагыг бүрэн хангаагүй зэрэг шалтгаан нөхцлөөс болж, зам тээврийн ослын тоо эрс нэмэгдэж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирч, бусдад эд материалын хохирол учрах явдал нэмэгдэх хандлагатай байна.

Иймд цаашид нийт нутгаар цас орж, цасан шуургатай байх тул төв суурин газар болон орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, машиндаа өвлийн улирлын дугуй тавих, осол аюулаас урьдчилан сэргийлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг алхам тутамдаа чанд сахин биелүүлж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг иргэд, жолооч та бүхэндээ Хэнтий аймгийн Прокурорын газраас уриалж байна.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ