Хот тохижуулах газар шинэ төлөвлөгөөгөөр ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-11 17:30:08
Yesukheitumur Tumurbaatar

Өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Төв аймгийн Хот тохижуулах газар энэ сараас эхлэн шинэчилсэн төлөвлөгөөгөөр ажиллаж эхэллээ.

Тэд иргэдийг цэвэр цэмцгэр ая тухтай байлгахын төлөө үйл ажиллагаагаа эрчимжүүлэн хог хаягдлыг байгууллагынхаа нөөц бололцоог дайчлан ачуулж эхэлсэн гэдгээ мэдэгдлээ.

Өнөөдөр хэдийгээр актанд гарсан дөрвөн машинаа хөдөлгөн хог хаягдлаа зайлуулж байгаа бөгөөд өөрсдийн нөөц боломжийг ашиглан цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломж бүрдэж байгаа гэдгийг Төв аймгийн Зуунмод хотын Хот тохижуулахын дарга А.Шаравнямбуу хэлж байлаа.

Мөн тэрээр ажлаа аваад удаагүй байгаа хэдий ч оны өмнө айл өрх албан байгууллагын хог хаягдлыг цэвэрлэж эрүүл орчинд шинэ оноо угтахын төлөө үр дүнтэй төлөвлөгөө боловсруулан ажиллана гэдгээ онцолж байсан юм.

Их ажлын хажуугаар саад бэрхшээл мундахгүй байдаг бөгөөд тус байгууллага нь авто машин техник хэрэгсэл тааруухан байгаа төдийгүй ирэх оны төлөвлөгөөнд шинээр хог хаягдлын машин авах шаардлагатай байгаа тухай хот тохижуулахын жолооч нарын зүгээс тайлбарласан юм.

Тэд Зуунмод хотын айл өрх, албан байгууллагын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг зайлуулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байгууламжийг ажиллуулах чиг үүргийнхээ дагуу иргэдэд чирэгдэл учруулахгүй ажиллаж байна. Харин иргэдийг чин сэтгэлээсээ орон нутагтаа хандаж гудамж талбайд хог хаялгүй хот тохижуулахын ажилчдыг хүндэтгэн соёлтой үйлчлүүлэхийг тус байгууллагын зүгээс зөвлөлөө.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ