Жижиг худалдаа эрхлэгчид эрх ашгаа хамгаалах холбоо байгуулна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-12-12 14:02:48

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд худалдаа, наймаа хийж амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах “Худалдаачдын холбоо” байгуулахаар болсон талаар “Ажлын хэсэг”-ийнхэн танилцуулж хэвлэлийн бага хурал хийв.

Тэд “Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 26 жилд бий болсон 140 гаруй худалдааны төв, зах дээр 200 мянга гаруй хүн худалдаа, наймаа эрхэлж амьжиргаагаа залгуулж байна. Энэ хүмүүс Монгол Улсын эдийн засгийн хөгжилд их хувь нэмэр оруулж иржээ. Харин өнөөгийн эдийн засгийн хямрал нь худалдаа эрхлэгч бидэнд их хүнд цохилт болж байна. Судалгаагаар нийт худалдаа эрхлэгчдийн 83 хувь нь зээлтэй, 72 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд 29,2 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд. Тэд зээлийн дарамтанд өдрөөс өдөрт гүн шигдэж, давшгүй өрийн сүлжээнд орж, уг асуудлаа өөрсдийн хүчээр шийдвэрлэх аргагүйд хүрсэн тул “Худалдаачдын холбоо” байгуулж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж, төр засагтаа дуу хоолойгоо хүргэж, худалдаа, наймаа эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалж ажиллах болсноо зарлаж байна” гэв.

Мөн нэг худалдаачны ард 4-5 хүн байдаг гэвэл 1 сая шахам иргэний ирээдүй бүрхэг байгаа гэсэн үг гэж онцоллоо.

Д.Өлзий

Холбоотой мэдээ