Олборлолтыг танахаар тохиролцсоны дараа “Brent” маркийн нефтийн үнэ өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА./TASS/. ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус улс орнууд нефть олборлолтоо бууруулахаар тохиролцсон гэсэн мэдээлэл гарсны дараа “Brent” маркийн нефтийн үнэ өсч, нэг торх нь 57 доллар болжээ. Энэ төрлийн нефтийн үнэ 2015 оны долдугаар сарын 1-нээс хойш анх удаагаа ийм түвшинд хүрч өслөө.
Энэ сарын 10-нд Вена хотноо болсон бага хурлын үеэр ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус улсууд нефть олборлолтоо танах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Хэлэлцээрийн хүрээнд ОПЕК-ийн гишүүн улсууд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн оны эхний хагасын туршид өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 1.2 сая торхоор бууруулахаар болсон байна. Харин ОПЕК-ийн гишүүн бус улсууд өдөрт олборлох нефтийн хэмжээгээ өдөрт 550 мянган торхоор бууруулахаар тохиролцжээ. ОХУ өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 300 мянган торхоор багасгах аж.
ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус улс орнууд нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өдөрт олборлох нефтийн хэмжээгээ нийтдээ 1.75 сая торхоор багасгахаар тохиролцсон байна Энэ нь дэлхийн хэмжээнд өдөрт олборлож буй нефтийн хэмжээ 2 хувиар буурна гэсэн үг юм.
Г.Доржханд