Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлогын 50 хувийг өр зээлийн төлбөрт төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-14 13:25:52

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар оролцож, 2016 оны төсөвтэй холбоотой гурван асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын өр, зээл улсын эдийн засаг, төсвийн даах хэмжээнээс хэтэрсэн. Тухайлбал, авсан зээлийн зөвхөн хүүг төлөхөд 963 тэрбум, зээлийн үндсэн төлбөрт 2.4 их наяд, нийтдээ 3.4 их наяд төгрөгийг төлөхөөр 2016 оны төсөвт тусгасныг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлов. Ч.Хүрэлбаатар гишүүн цааш нь, "Улсын төсвийн орлогыг Засгийг газар маш өөдрөгөөр буюу 6.9 их наяд төгрөг гэж тооцжээ. Энэ мөнгийг өр зээлд төлөх төлбөртэй харьцуулаад үзэхэд төсвийн орлогын 49.3 хувийг өр, зээлийн төлбөрт төлөх гэж байна. Энэ нь улсын төсөв дампуурсан, эдийн засгийн бодлогын ямар ч арга хэмжээ авах боломжгүй болгож байна" гэв.

Хоёрдугаарт, 2016 оны төсвийн бодлогыг аваад үзэхэд эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэсэн бодлого харагдахгүй байна. Хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспорт бол эдийн засгийг хөдөлгөгч гурван хүчин зүйл. 2012 оны сонгуулийн дараа хөрөнгө оруулагчид манай улсыг орхиж гарсан. Жилд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан бол өнөөдөр 200-300 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг болсон. Тэгэхээр эдийн засгийн хөдөлгүүр болох хөрөнгө оруулалтын хувьд найдах зүйл 2016 онд харагдахгүй байна.

Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурсан учраас эдийн засгийн өсөлтийн хоёр дахь том хөдөлгүүр болох экспортын өсөлт ирэх онд мөн л харагдахгүй байна. Хэрэглээг нэмэх асуудлыг төсөв дээр аваад үзэхээр ирэх онд цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй, улсын төсвөөс хийх бараа үйлчилгээний зардал буурах хандлагатай байгаа. Иймд хямарсан, орлогогүй байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээг дэмжиж нэмэхийн тулд нефть бүтээгдэхүүний үнийг бууруулах ёстой. Жилийн дотор дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ гурав дахин буурсан. Харамсалтай нь 2016 оны төсөвт нефть бүтээгдэхүүнд тавигдах онцгой албан татварыг тус бүр 200 мянган төгрөгөөр нэмэх санал орж ирснийг буруу гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ярьлаа.

Гуравдугаарт, нэмэгдэж байгаа өрийг зогсоох арга зам бол төсвийн алдагдлыг ДНБ-д эзлэх хувь хэмжээгээр тэглэх ёстой гэж Ч.Хүрэлбаатар гишүүн хэлэв. Тэрээр "Хэрвээ төсвийг алдагдалтай баталбал өр нэмэгддэгээрээ нэмэгдэнэ. Жишээ нь, айл өрхийн хувьд олж байгаа орлогоосоо илүү зардал гаргаад байвал тэр нь өр болж үлддэг. Төсвийн алдагдлыг Засгийн газрын өргөн барьснаар ДНБ-ий 3.3 хувиар баталбал улсын төсвөөс төлөх өр, зээлийн хэмжээ жилээс жилд нэмэгдэнэ. Тиймээс 2016 оны төсвийг батлахдаа төсвийн алдагдлыг тэглэх шаардлагыг Ардын намын бүлгээс тавьж байна" гэв.

Мөн Засгийн газрыг есөн яамтай ажиллуулах саналыг ирэх оны наймдугаар сарын 1-нээс бус оны эхнээс хэрэгжүүлж, төсөвт шаардлагатай зардлын хэмнэлт гаргахыг эрх баригчдаас шаардаж байна гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ