Хайстын шилээс хойшоо айл өвөлжихгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-13 17:32:16

Увс аймгийн Наранбулаг сумын Улсын сайн малчин С.Гомбоос өвөлжилт хэр байгаа талаар утсаар тодрууллаа.

-Увс аймгийн зүүн талын сумд буюу Малчин, Цагаанхайрхан, Хяргас, Өндөрхангай суманд цас эрт унаж, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон. Иймээс малчид малаа аваад хараар өвөлжиж байгаа газар руу явж байна. Цаг агаар дулаан байхад цас их унасан тул бид эрт буурь бууцаасаа хөдөлсөн.

Малчин, Наранбулаг, Хяргас сумын 400-гаад малчин өрх Ховд аймгийн Мянган, Дөргөн, Увс аймгийн Завхан, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумаар тарж өвөлжиж байна.

Хайстын шилийн зүүн талд цас ихтэй байгаа учраас ганц ч айл өвөлжихгүй байгаа. Харин баруун талдаа сайн байгаа тул айлууд өвөлжиж байна. Цаашдаа цаг агаар хүндрэхгүй, тарган тавтай онд орчих болов уу гэсэн бодолтой байна. Би өөрийнхөө дөрвөн залуутайгаа хамтдаа 6000 орчим малаа авч Ховд, Өмөнговь сумын нутагт өвөлжиж байна. Эдгээр сумынхан биднийг халуун дотноор сайхан хүлээж авсанд маш их баяртай байгаагаа дахин дахин хэлье. Энд цаг агаар тогтуун, өвс ус элбэг, сайхан өвөл болж байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ