Хэт их ажилласнаас болж Хятадад жил бүр 600 мянга орчим хүн нас барж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-14 11:12:28

БЭЭЖИН. /Chinadaily/. Жил бүр 600 мянга орчим хятад хүн хэтэрхий их ажилласны улмаас нас барж байна. Энэ нь хэт их ажилласны улмаас нас барсан хүмүүсийн тоогоороо тэргүүлдэг Япон улсаас давсан үзүүлэлт юм.

Хэт их ажилласны улмаас нас барж байгаа хүмүүсийн ихэнх нь хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, эрүүл мэнд, мэдээлэл технологийн салбарт ажилладаг залуу хүмүүс байна гэж судалгаанд дурджээ.

Хамгийн сүүлд гэхэд 24 настай инженер байнга илүү цагаар ажиллаж байсны улмаас нас баржээ. Түүнд ганцхан муу зуршил байдаг нь хэт их ажиллах явдал юм.

Ийм байдлаар нас барсан тухай мэдээлэл сүүлийн хэдэн жилд маш ихээр ирж байна.

Өнгөрсөн онд “zhaopin.com” цахим хуудаснаас явуулсан судалгаанд оролцсон 13 400 "цагаан захтнуудын" талаас илүү хувь нь ажлынхаа дундуур ямар нэг дасгал хөдөлгөөн хийдэггүй бөгөөд тэдний гуравны хоёр нь долоо хоногт 5-аас дээш цагаар илүү ажилладаг байжээ.

Залуучуудад их хэмжээний мөнгө, албан тушаал амлан хүчээр ажиллуулж байгаа явдлыг Хятадын “ССTV” эсэргүүцжээ. Сэтгэл санааны дарамт дор хэт их ажиллах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснөөр өвчин тусах магадлалтай юм.

Үүний зэрэгцээ эрүүл орчинд ажиллах нөхцөл байдлыг хангах хууль эрхзүйн хамгаалалт дутмаг байна. Хөдөлмөрийн хуульд ажилтан, албан хаагчид өдөрт 8, долоо хоногт 44 цаг ажиллах ёстой гэж заасан байдаг боловч илүү цагаар ажиллахгүй байгаа хүмүүсийг залхуу, хойрго гэж үздэг ажээ.

Цагаан захтнууд ядаргаанаас зайлсхийхийн тулд илүү их хэмжээний жимс, ногоо идэх, кофе болон түргэн хоолыг аль болохоор бага хэрэглэх,  өглөөний цайгаа тогтмол цагт ууж, байнга дасгал хөдөлгөөн хийж, усанд орж байх хэрэгтэй гэж “sina.com.cn” цахим хуудас зөвлөж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ