Хөвсгөл нутгийн хөгжлийн гарцын тухай зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛУлаанбаатар хотод Хөвсгөл нутгаа хөгжүүлэх хөгжлийн ямар гарц, шийдэл, боломж байгаа талаар бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнөөр Хөвсгөл аймгийг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрт тулгуурлан хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд орон нутгийн шинжтэй нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдийг барих, ойн баялагтаа тулгуурлаж мод боловсруулах үйлдвэр, мал аж ахуйдаа тулгуурлан мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүдийг барих зэрэг олон санал дэвшүүлж байв.
Хөвсгөл аймаг аялал жуулчлалын тулгуур төв. Тэр ч утгаараа аялал жуулчлалын үйл ажиллагааны хүрээг тэлж шинэ шинэлэг санал санаачилгыг дэмжин төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн томоохон цогцолборуудыг бий болгож ажиллах нь чухал гэдгийг онцолж байв. Цаашид нутгаа гэсэн чин сэтгэлтэй иргэдийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж хөвсгөлчүүд улам ойртон ажилласнаар форумаас гарсан санал төслүүд хэрэгжиж үр дүнгээ өгнө гэж үзэж байлаа.
Б.Гантуяа