“Кансат”-сонирхогчийн хиймэл дагуул хийх санаачилгыг Ховд аймаг анх удаа гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-15 10:33:29

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор Хиймэл дагуулыг хөгжүүлэх, Монгол инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансрын технологийг  хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах, улмаар олон улсын түвшинд нийцсэн үндэсний сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж ашиглах эхлэл тавигдаж байна.

Сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг  хөгжүүлэх, бааз суурийг  бэхжүүлэх зорилготой “ХИЙМЭЛ ДАГУУЛ - БИДНИЙ ГАРААР” сэдэвт  “Кансат” сонирхогчийн  хиймэл дагуул  зохион бүтээх уралдаан, сургалт  семинар  энэ оны  9 дүгээр сарын 18 -24 ны өдрүүдэд  Улаанбаатар хотод  болсон. .

Монгол Улс  хиймэл дагуулын мэдээ хүлээн авах станцыг Монголын баруун, зүүн хоёр  хэсэгт  байршуулан ашиглах  төлөвлөгөөтэй  учраас Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт  тус станцад ажиллах  хүний нөөц бэлтгэж  эхлэх шаардлагатай гэж үзжээ.

Тиймээс Ховд их сургуулийн  Байгалийн шинжлэл технологийн сургуулийн захирлын туслах  зохион байгуулагч Б.Ганболд, Мэдээлэл харилцаа технологийн тэнхимийн эрхлэгч Б.Дүгэрсүрэн, Газарзүйн тэнхимийн багш Ч.Билэгтмандах  болон Физикийн тэнхимийн  3-р курсын оюутан Мөнхбат  нар  “Кансат” буюу лаазанд багтах хэмжээний сонирхогчийн  хиймэл  дагуулыг  хэрхэн  хийх  арга туршлагыг  судлах зорилготой оролцлоо.

Сургалтын  хүрээнд оролцогчид  Монгол Улсын сансрын боловсрол ба Хиймэл дагуулын төрөл, мэдээлэл дамжуулалтын систем, Кансатын электроникийн  хэлхээ  түүний програмчлал, шүхэр хийх аргачлал, холболтын эд ангиудын   талаарх  мэдээллийг  авсан бөгөөд Ус Цаг  уур орчны шинжилгээний газрын  Зайнаас  тандан судлалын хэлтсийн  хиймэл дагуулын мэдээ хүлээн авах  станц, Харилцаа  холбооны суурин төхөөрөмжтэй  танилцаад иржээ.
Үүний дараа энэ оны  12 дугхаар сарын 09,10-ны өдрүүдэд Ховд их сургуулийн Байгалийн шинжлэл технологийн сургуулийн Физикийн тэнхимээс  “Кансат-4” богино  хугацааны сургалт, семинарыг  зохион байгууллаа.

Богино  хугацааны сургалт нь “Кансат”-сонирхогчийн хиймэл дагуулыг  хийх үйл ажиллагаагаар  дамжуулан оюутан залууст багаар ажиллах, инженер, техник технологийн дэвшилтэт арга ухаанд суралцуулах, хиймэл дагуул буюу хүний гараар бүтээгдсэн төхөөрөмжийн үндсэн функцуудын үүрэг  зохицуулалтыг ойлгуулах, өвөрмөц  дизайн архитектурын шийдэл гаргахад чиглэдлээ.

Мөн цахилгаан, электроникийн хэлхээ загвар гаргах, программчлах, мэдээлэл дамжуулах, энерги хадгалах-дамжуулах, төхөөрөмж  угсрах, дүрс мэдээ боловсруулах, тоон болон дүрс  мэдээнд боловсруулалт, анализ  хийх  зэрэгт мэдлэг, дадлага туршлагыг эзэмшүүлэх, сансрын технологийг  нутагшуулах, ашиглах  хүний нөөцийг  бэлтгэх зорилгоор сургалтад тус сургуулийн 5 багш, 20 оюутан, Лицей сургуулийн 3 сурагч оролцов.   

“Кансат”-сонирхогчийн хиймэл дагуулыг  хийх  санаачилгыг  хөдөө орон нутгаас Ховд  аймаг  анх  удаа гаргасан бөгөөд цаашид ахих  шатны сургалтууд зохион явуулж  10 оюутан шалгаруулан “Кансат”-сонирхогчийн  хиймэл дагуулыг  зохион бүтээх ажилдаа  орно гэж  Ховд их сургуулийн  Байгалийн шинжлэл технологийн сургуулийн захирлын туслах, зохион байгуулагч Б.Ганболд ярилаа.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ