Дархан хот “Өвлийн хүлэмж”-тэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-17 13:12:18

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх нар аймгийн НААҮГ-ын ажилтай танилцаж тус газарт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэв.

Тус газар нь Дархан хотын хоёр Дарханыг холбосон “Аюулгүйн тойрог”-оос 16 давхар орон сууц, тус орон сууцаас “Үйлчилгээний төв” хүртэлх 2616 м авто замын тусгаарлах зурвасыг хийх, хотын доторх төв зам дагуух модонд шошго хийх, өвлийн хүлэмжтэй болох ингэснээр НААҮГ-ын өөрийн эзэмшлийн 11 га талбайн ашигтай найман га талбайд мод бут тарьж хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх боломжтой болох ажээ.

Аймгийн НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм: “Манай аймагт 2015 онд амьсгалын замын харшлын чанартай нийт өвчлөлийн 62,5 хувь нь ургамлын гаралтай харшил байсан. Тиймээс манайх шарилжийг ургахаас нь өмнө хор цацаж устгах төлөвлөгөө гаргасан. Ургасан хойно нь биш ургахаас нь өмнө шарилжийг хор цацаж устгах шаардлагатай ч зарцуулах хөрөнгө дутагддаг” гэв. Эдгээр саналыг аймгийн Засаг дарга дэмжиж шаардлагатай төсвийг гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн. Мөн өвлийн хүлэмжтэй болж мод бутаа өөрсдөө тарин гаднаас худалдаж авахын тулд илүү зардал гаргахгүй байхад дэмжлэг хүссэнд аймаг шаардлагатай нийт төсвийн 50-60 хувийг нь олгохоор болов. Аймгийн Засаг дарга мөн үеэр тус газрын удирдлагуудад цаг наргүй ажилладаг зам талбайн үйлчлэгчдийнхээ ар гэрт анхаарал хандуулж, хүүхэд багачуудыг нь секц, дугуйланд хамруулж нийгмийн асуудалд нь анхаарч, амралтын өдрөөр нь үзлэг шинжилгээнд оруулах зэргээр санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ