Умард Солонгос дахь хүний эрхийн байдлын талаарх тогтоолыг НҮБ батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-20 15:05:06

НҮБ. /Kyodo/. Хүний эрхийг хамгаалахыг Умард Солонгосоос шаардсан агуулга бүхий тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталлаа.

Уг тогтоолыг даваа гарагт буюу өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн орнуудын төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан байна. Харин Умард Солонгос болон Хятад тогтоолыг эсэргүүцжээ.

Умард Солонгосоос НҮБ-д суугаа төлөөлөгчдийн зөвлөх Ри Сон Чол хэлэхдээ “энэ тогтоол бол хууль бус. Худал зохиомол зүйл хэзээд үнэ цэнэгүй байдаг” гэжээ.

Хүний эрхийн асуудлаар Умард Солонгосыг хатуу шүүмжилдэг Япон болон Европын Холбоо хамтран 2005 оноос хойш уг тогтоолын төслийг жил бүр өргөн барьсаар байгаа юм.

Энэ оны есдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн сарын 30-нд баталсан билээ. Уг тогтоолд "ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахад зарцуулах ёстой мөнгийг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд зарцуулж байна" гэж Пхеньяныг анх удаагаа зэмлэн буруушаасан билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ