Санхүүгийн зах зээлийг цөөн хүн баяжих хэрэгсэл болгож байна

ТОЙМ
dogsom@montsame.mn
2016-12-21 13:30:28

Эдийн засгийн  тогтолцоо, зах зээлийн  хүрээнд мөнгөний үүрэг роль гүйлгээний  бодит обьект боллоо. Зээлийн нөөц, төрөл бүрийн үнэт цаасны зах зээл бий болгож үндэсний эдийн засагт санхүүгийн зах зээлийг улам төгөлдөршүүлэхийг шаардах болов.

Санхүүгийн зах зээлийг төгөлдөршүүлэх талаар төр засгаас анхаарч байгаа хэдий ч шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байна. Бүрэн утгаараа санхүүгийн  зах зээл хөгжихгүй байгаа нь  зах зээлийн бүтэц, түүний үндсэн элементүүд юу болох хэрхэн хоорондоо холбогдох, түүний  үр ашгийн талаар системтэй ойлголтыг нийгэмд өгч чадахгүй, энэ талаар сургалт, судалгааны ажил хийхгүй байгаатай холбоотой.

Санхүүгийн зах зээл гэдэг нь үнэт цаасны зах зээл болохынхоо хувьд урт хугацааны  үүрэг хүлээсэн хөрөнгө оруулалтын тодорхой хугацааны нөөц бий болгох үйл ажиллагаа юм. Үнэт цаас нь санхүүгийн зах зээлийн нөхөн үйлдвэрлэлийг хангахад чухал үүрэгтэй. Гэвч их хэмжээгээр гаргавал инфляцийг өсгөх сул талтай.

Ер нь санхүүгийн зах зээл гэдэг нь харьцангуй ерөнхий ойлголт. Онцгой шинж чанартай болон үнэт цаасыг худалдах, худалдан авах замаар сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг  татах  гол арга хэрэгсэл. Монгол улсад дээрх зах зээл хөгжихгүй байгаа нь иргэд, компаниудад  хадгалагдаж байгаа  сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг ашиглаж чадахгүй байгаагийн нэг хэлбэр. Зах зээлд ашиглагдахгүй  нөөц байна гэдэг нь улсын эдийн засаг хөлөө олохгүй байгаагийн хамгийн ойрхоны жишээ.

Сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг нийт эдийн засагт ашиглах талаар Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ хангалтгүй ажиллаж байгаа нь эдийн засагт  сөргөөр  нөлөөлж байгаа гэж үзэж болно.

Санхүүгийн зах зээлийн олон төрлийн арга механизм байдаг. Үнэт цаасны зах зээл гэхэд, богино хугацаатай, мөнгөний зах зээл, хөрөнгийн зах зээл, урт хугацаа бүхий үнэт цаас, хувьцаа зээлийн өрийн багц, корпорацийн үнэт цаас гэх мэт олон төрөл байдаг юм. Эдгээр нь дотроо бас олон төрөлтэй. Тэр бүхэн  өөр өөрийн өвөрмөц онцлог, зорилготой байдаг.

Монгол улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг ганцхан банкны салбар гүйцэтгэж байна. Санхүүгийн салбарт арилжааны 14 банк, банк бус санхүүгийн 460 байгууллага,  хадгаламж зээлийн170 хоршоо, брокер диллерийн 60 пүүс, даатгалын 20-иод компани, 320 орчим хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч арилжааны 14 банкнаас бусад нь санхүүгийн зах зээлийн таван хувьд хүрэхгүй байна. Энэ нь арилжааны банкууд  монополь эрх  эдэлж байгаатай холбоотой. Санхүүгийн зах зээл ганцхан тоглогчтой байх нь  зах зээлийн эдийн засагтай улсад байж болохгүй хэмээн зах зээлийн шинжээчид хэлдэг юм билээ.

Өөр өөрийн онцлогтой санхүүгийн зах зээлийн олон механизмуудаас векселийн хадгаламжийн сертификатыг  бага зэрэг ашигладаг.  Гэхдээ тодорхой нэг банкинд зориулан бонд гаргахаас хэтрэхгүй байна. Засгийн газар үнэт цаас гаргаж, санхүүгийн зах зээлийн механизм ашиглах оролдлого хийж байгаа ч арилжааны банкны үйл ажиллагааг боловсронгуй болгохыг дэмжихээс  илүү тэднийг  эрсдэлгүй өндөр ашиг олоод сууж байх сэтгэл зүйтэй болж байгаа юм.

Засгийн газрын богино хугацаатай үнэт цаас 2016 онд өмнөх оныхоос буурсан, урт хугацаатай Засгийн газрын үнэт цаасны хэлцэл 2016 онд хийгдээгүй. Түүнд худалдан авах санал ирээгүй, эрэлт бага гэсэн гэнэн тайлбар хийж байна. Амьдрал дээр бүтээн байгуулалт, зарим төсөл хөтөлбөрт хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдалтай зогсонго байгааг бүгд мэддэг ч энэ талаар хэн ч ярихгүй байна.

Онолын хувьд тухайн улс орны эдийн засагт сөрөг үр дагвар авч ирдэг  гэж үзэж аль болох үндэсний валютын ханшаа сулруулахгүй байх  бодлого явуулах хэрэгтэй хэмээн үздэг.

Гэтэл төгрөгийн ханш сулрах нь урт хугацаанд гадаад худалдааны тэнцлийг сайжруулдаг эдийн засгийн өрсөлдөх чадварыг ханган дунд болон урт хугацааны бодит секторт эерэг нөлөө үзүүлдэг хэмээн тайлбарлаж байгаа нь их өрөөсгөл юм.

Монголд хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн шаардлагыг хангаж ажиллахгүй байна. Эдгээр байгууллагууд хийсвэрээр санхүүгин зах зээл байгаа мэт харагдуулж, нөгөө талаараа цөөн хэдэн олигархи  компаниудад үйлчлэх бодлого явуулдаг гэж хэлж болно.

Санхүүгийн зах зээлийн цөөн хүн баяжих хэрэгсэл болгон ашиглаж байгааг хэлэх байна.

 

 

Холбоотой мэдээ