ИКЕА компани 50 саяын нөхөн төлбөр олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2016-12-23 14:27:32

ВАШИНГТОН./TASS/. Шведийн ИКЕА /IKEA/ компанийн үйлдвэрлэсэн шүүгээнүүд хэмхрэн нурсны улмаас гурван хүүхэд дарагдаж амиа алдсан хэргийг шүүх хэлэлцэхээс өмнө тус компаниас хохирогч хүүхдүүдийн ар гэрийнхэнд 50 сая долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна. Энэ тухай хохирогчдыг төлөөлж буй Feldman Shepherd гэдэг хуулийн товчоо мэдэгдлээ.

“Тохиролцоо ёсоор 50 сая долларыг гурван гэр бүлд хувааж олгоно” гэж тус товчооноос гаргасан мэдэгдэлд дурджээ. Түүнээс гадна ИКЕА компани АНУ-ын хүүхдийн эмнэлгүүдэд 100 мянган доллар хандивлахаар шийдвэрлэсэн байна. Мөн хүүхдийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Америкийн сангуудад 100 мянган доллар шилжүүлэх ажээ.  

Харин шүүх хурал болохоос өмнө талууд тохиролцоонд хүрсэн гэдгийг ИКЕА-гийн төлөөлөгчид нотолсон боловч ямар нэгэн тайлбар өгсөнгүй.

Энэ оны зун тус компани АНУ болон Канадад борлуулж буй 36 сая ширхэг “Мальм” загварын шүүгээг эргүүлэн татахаа мэдэгдсэн байна. Үүний шалтгаан нь ийм загварын шүүгээнд дарагдаж 6 хүүхэд амиа алдсан хэрэг юм. Хямд үнэтэй учраас борлуулалт сайтай байсан “Мальм” загварын зургаан төрлийн шүүгээ болон бусад 100 орчим төрлийн шүүгээг зах зээлээс эргүүлэн татахаар шийдвэрлэжээ. Түүнээс гадна эдгээр загварын шүүгээг үйлдвэрлэх ажлыг бүрэн зогсоосон байна.  

Энэ оны зун АНУ-ын Бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссоос гаргасан мэдээлэлд “эдгээр төрлийн тавилгыг худалдан авч хэрэглэж байсан 5 хүн нас барж, 31 хүн гэмтэл авсан” гэж дурджээ.

Б.Адъяахүү  




 

Холбоотой мэдээ