Монголын төрд 100 жилийн өмнө хариуцлагын тогтолцоо чанга байв
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөөдөр МУИС-ийн дугуй танхимд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойд зориулсан "Монголын тусгаар тогтнол-1911 он: түүх, соёл, баримт" эрдэм шинжилгээний хурал /ЭШХ/ болж онц сонирхолтой баримт, судалгааг дэлгэлээ.
Энэхүү ЭШХ-д оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан мэндчилгээ дэвшүүлсэн бол ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хурлыг нээж үг хэллээ. Тус хуралд “Орчин үеийн Монголын төрийг үндэслэгч Богд хааны үзэл баримтлал” /ШУ-ы доктор, профессор О.Батсайхан/ зэрэг нийт долоон илтгэл тавьсан юм.
Зарим онцгой сонирхол татсан илтгэлээс дурдвал, СУИС-ийн Соёл, Урлаг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн ШУ-ы доктор Д.Цэдэвийн “Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг-Сүлд дуу” илтгэлдээ, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан аливаа улсын бэлгэ тэмдэг нь Төрийн далбаа, Сүлд дуу байдаг. Тиймээс ч 1911 онд Тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсын Сүлд дуу бий болсон түүхтэй.
Уг дууны аяыг Оросын хөгжмийн зохиолч А.В.Кадлец зохиосон гэсэн мэдээлэл ташаа болохыг нотоллоо. Д.Цэдэв докторт Кадлец хэмээх нэр нь Чех нэр гэдгийг Монголч судлаач Иржи Шима хэлсэн байдаг. Ингээд эх сурвалжийн мөрөөр мөшгөж олсон баримтуудад Санктпетербургийн Маринский театрын хийлч А.В.Кадлец нь чех хүн болохыг тогтоосон юм. Мөн энэ хүний түүх намтар болон Богд хаант Монгол Улсын Эрдэнийн очир III одонг зүүсэн Кадлецийн гэрэл зураг зэргийг сонирхуулав.
Дараагийн нэг сонирхолтой илтгэл тавьсан Түүх археологийн хүрээлэнгийн доктор, профессор Г.Мягмарсамбуутай уулзсан юм.
-Таны “Богд хааны төрд хариуцлагын тогтолцоо байсан уу?” хэмээх илтгэл нь их сонирхол татлаа. Энэ талаар товч танилцуулна уу?
-Сүүлийн үед манай ард түмний сэтгэлийг зовоож байгаа нэг асуудал бол төрийн өндөр дээд албан тушаалтан, Монгол төрийн хариуцлага, ёс зүйн тухай асуудал юм. Уг асуудал монгол хүн бүрийн анхаарлын төвд байгаа. Өнөөдөр хариуцлагын тогтолцоо яагаад ийм болов. Ямар учир шалтгаантай юм. Монголын төрд хариуцлага гэж байсан уу? Байсан бол яаж, ямар арга замаар хариуцлага тооцдог байв. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний дараах Богд хаант төрд, төрийн өндөр дээд албан тушаалтанд хариуцлага тооцож байсан эсэх талаар миний бие эргэж харж түүхэн баримтыг үзэж судаллаа. Баримтад тулгуурлаж өнөөдрийн энэ илтгэлийг тавьж байна. Товчхон хэлэхэд, өнөө үетэй харьцуулахад, 100 жилийн өмнө Монголын төрд хариуцлагын тогтолцоо байжээ гэдгийг нотолсон баримтууд байгааг онцлон хэлэх байна.
-Та нэг жишээ дурдахгүй юу?
-Энд би ганцхан баримт дурдахад, 1913 оны 12 дугаар сарын 7-нд Богд хаанд Даншиг өргөх төрийн ёслол Төрийн ордонд болжээ. Тэнд хаан, сайд, ноёд, түшмэд, хутагт, хувилгаад бүгд цуглаж жагссан байхад Дотоод явдлын яамны дэд сайд, Сэцэн хан аймгийн Чуулганы дарга Гомбосүрэн Даа лам Пунцаг дээр ирээд, “Та одоо өргөх мөнгөө дааж ядаж байна уу?” гэж ёжилсон байдаг. Төрийн сайд хүн, Төрийн ордонд энэ том ёслол дээр ийм болчимгүй үйлдэл гаргасан байдаг. Тийм учраас энэ ёслолын дараа Бүгд ерөнхийлөн захирах яамнаас Гомбосүрэнг дуудаж байцаахад тэрбээр өөрийн буруугаа хүлээж, Богд хаанд өргөл айлджээ. Харин түүний энэ үйлдлийг Богд хаан ёс зүйд үл нийцэх, болчимгүй үйлдэл гэж үзээд Дотоод явдлын яамны дэд сайд, Сэцэн хан аймгийн Чуулганы дарга гэсэн хоёр том тушаалаас нь огцруулсан байдаг. Энэ бол хариуцлага. Манай ард түмэн ийм л хариуцлагын тогтолцоог хүсээд байгаа юм. Төрийн сайд хүн, төрийнхөө ордонд ганцхан буруу үг хэлснийхээ төлөө ингэж хариуцлага хүлээж байсан байхад өнөөдөр манай төрийн түшээд, төрийн өндөр албан тушаалтнууд төрийн ордондоо ёс зүйгүй үйлдлийг гаргасан нь цөөнгүй. Харин тэднээс нэг ч хүн ямар ч хариуцлага үүрдэггүй. Тэгэхээр бид өнгөрсөн түүхээсээ эргэж харж сургамж авмаар байгаа юм.
Д.Өлзий