Сүм, хийдэд зөвшөөрөл олгох журмыг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 13:45:03

Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 8-ны өдрийн хуралдаанаар дээрх журмыг дахин шинэчиллээ.

Журмыг өөрчлөхтэй холбоотойгоор орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагууд, Арвайхээр сумын ИТХ-ын ажлын алба, Багийн засаг дарга нар, нийгмийн ажилтнуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Журам нь бүх сүм, хийдэд тэгш эрхтэй хандах, тухайн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, үзэл санаа, зарчмыг агуулсан албан ёсны дүрэмтэй байлгах зэрэг зүйлийг дурдаж, зөвшөөрөл олгох асуудлыг жил бүр сум, аймгийн ИТХ-ын хэлэлцэн сунгаж байхаар болжээ.

Өвөрхангай аймагт шашны 34 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 19 байгууллага зөвшөөрөлтэй, 15 нь зөвшөөрөл хүссэн байдалтай байгаа юм. Сумдууд 80 жилийн ойн хүрээнд гандан хийд байгуулж, тэр нь албан ёсны зөвшөөрөлтэй байх ёстой гэх үүднээс Буддын шашны байгууллагууд зөвшөөрөлтэй, мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө оруулалт хийсэн гэдгээрээ Ватиканы сүм 2008 онд зөвшөөрөл авсан байна. Бусад “гадны урсгалтай” гэгдэх сүмүүдэд зөвшөөрлийг олгоогүй байгаа юм.

Орон нутгаас шашны байгууллагуудад зөвшөөрөл олгохдоо Сүм, хийдийн  харилцааны тухай хуулийн хүрээнд 2009 онд батласан журмын дагуу авч хэлэлцдэг байжээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ